Туркийн найдлага талаар болов уу

2016.05.13 Баасан №055 (2086)

Туркийн иргэдийг Шенгений ор­нуудад визгүй зорчуулах асуудал Европын комиссын хурал дээр дэмжигдэж, Турк хариуд нь гэрээний орнуудыг хамруулсан ижил хуулийн төсөл батлан, юу, юугүй биелэх гэж байгаа мэт санагдаж байсан билээ. Гэтэл Туркийн Европын зөвлөл ха­риуцсан сайд Волкан Бозкыр “Хэлэл­цээр биеллээ олно гэж найдахаа больсон” гэж ярилцлага өгчээ. Тэрээр Европарламентын өндөр албан ту­шаал­тантай Страсбургт уулзаж ярилц­саныхаа дараа ийм бодолтой болсон гэнэ. Европын холбоо визгүй болгох амлалт өгөхдөө Терроризмын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах зэрэг таван шаардлагыг тавьсан юм байна. Туркууд эдгээр саналыг судалж үзээд дээрхээс бусад дөрвөн асуудал дээр тохиролцохыг оролдсон ч Европын холбоо хатуу байр суурь баримталсан бололтой. Ингэснээр дүрвэгчдийн хямралын асуудлаар хоёр талын хооронд байгуулагдах гэж байсан илүү өргөн хүрээтэй хэлэлцээрийн байдал ч тодорхойгүй болж ирэв. Волкан Бозкырын хэлснээр бол хэлэлцээрийг амжилттай болгохын тулд Турк улс хангалттай их зүйл хийсэн учраас одоо бүх зүйл нөгөө талаас хамаарах гэнэ. Европын холбоо Туркэд нийт 72 зүйлийн шаардлага тавьснаас Анкара ихэнхийг нь биелүүлсэн нь үнэн юм байна.        
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өнгөрсөн долоо хо­ногт Европын холбоонд хандан “Терро­ризмын эсрэг хуулиа өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ тэрээр “Бид өөрсдийн за­маар, та нар ч өөрсдийнхөө замаар явна” гэсэн үг хэрэглэсэн нь Европын холбоонд шахалт үзүүлсэн хэрэг болсон. Учир нь, Турк улсад одоогийн байдлаар хоёр сая шахам дүрвэгч хуаран үүсгэлгүй амьдарч байгаа бөгөөд тэднийг албадан гаргах, Эгийн тэнгисээр дамжин орж ирж байгаа цагаачдыг тогтоон барилгүй шууд баруун Европ руу нэвтрүүлэх эрх Анкарад хадгалагдаж байгаа юм. 

Туркт тавьсан таван шаардлага

Авлига: Турк улс авлигатай тэмцэхдээ Европын холбооны зөвлөмжийг авах. 
Хувийн нууц хадгалах: Иргэдийн хувийн нууцыг хадгалах хуулиа Европын холбооны стандартад тохируулах.
Гэмт хэрэгтэй тэмцэх: Цагдаа, хүчний байгууллагаа Европын холбооны цагдаагийн байгууллага Европолд элсүүлэх. 
Шүүх эрх мэдэл: Гэмт хэргийн тал дээр Европын холбооны гишүүн бүх улстай хамтарч ажиллах.
Аллага хядлагатай тэмцэх: Терро­ризмын хуулиа Европын холбооны ижил төрлийн хуультай нийцүүлэх. 
Европын холбоо бас нэг зүйлээс болгоомжилж байгаа нь Туркийн эдийн засгийн байдалтай холбоотой. Эдийн засгийн хувьд тийм ч хүчин чадалтайд ордоггүй, дотооддоо асуудал ихтэй байгаа Туркээс Сирийн дүрвэгчидтэй эн тэнцэх тооны цагаач баруун Европ руу цутган орж ирэх магадлалтай. Цагаачдыг олноор оруулж ирсний сөрөг тал өнөөдөр Туркт тод мэдрэгдэж, цагаачдад ажлын байраа булаалгасан турк хүмүүсийн арми өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Нийт ажилгүйчүүдийн тоо найман саяд хүрчихсэн. Эдгээр ажилгүйчүүд Европын холбоонд зорчих, цаашлаад цагаачлах магадлал өндөр байгаа юм.
Хамгийн сүүлд авсан мэдээгээр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Туркэд очсон сири дүрвэгч­дэд үзүүлж байсан тусламжаа зогсоосон байна. Тусламжаар өгсөн мөнгөний багагүй хувийг Туркийн тал идэж шамшигдуулсан нь нотлогдсон учир ийм арга хэмжээ авчээ. Мөн USAID олон улсын байгууллага Туркэд хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрөө зогсоосон аж. 
Дээрх байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдэгдэлд “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг хэн ч замаас нь завших ёсгүй” гэсэн бол Турк “Европын холбооны шаардлагыг хүлээж авахуулахын тулд шахалт үзүүлж байна” гэж үзэж байгаа юм. 

Турк улс тооны хэлээр:

Хүн ам: 78.7 сая
Ажилгүйдэл: 11.1 хувь
Хэвлэлийн эрх чөлөө: 
180 орноос 151 дүгээрт жагсдаг


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.