“Limes”: Украин гурван хэсэг хуваагдана

2016.05.13 Баасан №055 (2086)

Геополитикоор дагнан бичдэг Италийн “Limes” сэтгүүлд Украиныг ирээдүйд гурван хэсэг болж хуваагдана гэж бичжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн өөрчлөлт нь эцэстээ ийм үр дүн дагуулах гэнэ. 
Экспертүүдийн дүгнэснээр, Украин улс хэдхэн жилийн дараа дараахь байдлаар хуваагдах нь. Дорнод Украин буюу Харьков, Луганск, Донецк, Днепропетровск, Запорож, Херсонск муж Крымын жишээгээр ОХУ-д нэгдэнэ. Энэ үйл явц эхэлчихсэн үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй эцсийн нүүдэл хийгдэх гэнэ.  
 Үүний дараа Төв Украины Чернигов, Сум, Житомир, Киев, Полтав, Винницк, Черкасс, Кировоград, Николаевск, Одесс, Хмельницк, Черновицк муж “Шинэ Оросын зөвлөл”-д багтаж, ОХУ-ын хүчтэй нөлөөнд орно. Зөвхөн Баруун Украины Ровенск, Львов, Тернопольск, Ивано-Франковск, Закарпатск муж тусгаар тогтносон улс статусаа хэвээр хадгалах ажээ. Харин Волынск мужийг Беларусьтай нэгдэнэ гэсэн байна. 
“Limes”-т бичсэнээр бол ОХУ-ын хүчир­хэгжилт, амбийцаас АНУ ихэд болгоомжилж байгаа бөгөөд ингэх хоёр шалтгаан байгаа гэнэ. Нэг нь “В.Путин ЗХУ-ыг эргэн сэргээх гэж байна” гэсэн хардлагаас үүдэлтэй бол нөгөө нь ОХУ-ын нөлөө Өмнөд Америк, Африк тивийн орнуудад бэхжиж байгаа явдал юм байна. Крымыг нэгтгэсэн нь зөв эсэх асуудлаар  НҮБ-д санал хураалт явуулахад маш олон улс түдгэлзсэн санал өгсөн. Түдгэлзэж, татгалзсан орнуудыг ОХУ-ыг дэмжсэн гэж үзвэл саналын харьцаа 100-93 болж бараг тэнцсэн билээ. Энэ нь АНУ тэргүүтэй барууны ор­нуудад том сануулга өгсөн. Учир нь, НҮБ-д гишүүнчлэлгүй ч бие даасан улс гэдэг нь ойлгомжтой Палестин, Каталон зэрэг үндэстнүүд ОХУ-ын талд зогсч байсан юм. Энэ нь ОХУ-ыг илүү зоригжуулж, “Лалын улс”-д цохилт өгөх нэрээр Сирид цэрэг оруулах гол нөхцөл болсон гэж үздэг. Түүнээс ч өмнө, Гүржийг ахархан хугацаанд буулган авч, Абхаз гэдэг тоглоомын улс бай­гуулс­наараа амбийцаа харуулсан гэдгийг баруу­ны ажиглагчид хэлдэг. Тиймээс Украины та­лаарх дээрх таамаглал магадлал өндөртэй бөгөөд биелэлт нь удахгүй гарна гэдэгт “Limes”-ын шинжээчид итгэлтэй байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.