Оюутнууд сургалтын зээл авах боломж бүрдлээ

2016.05.13 Баасан №055 (2086)

-“Сайн оюутан” зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?-

Г.САНЧИР

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталснаар оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах боломжтой болсон. БСШУЯ-наас "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталжээ. БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авахад бэлэн боллоо.  БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 
Энэхүү зээлд хамрагдах оюутан ямар шаардлага хангасан байх ёстой болон зээлийн нөхцөлийн талаархи мэдээллийг хүргэе.
Зээлд хамрагдах оюутан дараахь шаардлагыг хангасан байна. 
-Эрх зүйн бүрэн чадамжтай байх; оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх; шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.5 болон түүнээс дээш байх; зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь түүний гэр бүлийн гишүүн байх; үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх; 
Зээлд хамрагдахыг хүссэн оюутан дараахь бичиг баримтыг бүрдүүлэн оролцогч банкинд хандана: 
-Зээл хүссэн өргөдөл; иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар; гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт. банкнаас шаардсан бусад баримт. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.