Р.Лхамсүрэн: Чингисийн тухай бүтээл хийх сэтгэл, зүрх, зориг бүгд мохсон

2016.05.13 Баасан №055 (2086)

Б.Бадамгарав

Монголын сюрреалист зураачдын холбооноос хоёр жилд нэг удаа хамтарсан үзэсгэлэн гаргадаг билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 50 орчим уран бүтээл дэлгэгдсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр Монголын сюрреалист зураачдын холбооны тэргүүн, МУЭ-ийн шагналт зураач, барималч Р.Лхамсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн “Мөнх тэнгэр зөн билэг” үзэсгэлэн хэд дэх удаагаа дэлгэгдэж байна вэ?
-Монголын сюрреалист зураачдын холбооноос хоёр жилд нэг удаа уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ жил үзэсгэлэн гарах хугацаа хойшлоод харьцангуй цөөн зураач оролцлоо. Энэ бол долоо дахь үзэсгэлэн. Анх “Сюрреализм Монголд” нэртэй гарч байгаад 2010 оноос нэрийг нь өөрчлөөд “Мөнх тэнгэр зөн билэг” болгосон. Сюрреализм нь зөн билэг гэх утгатай дүйнэ. Тиймээс үгчилж биш утгаар нь орчуулсан. 
-Таны бүтээлүүд ихэвчлэн Хүннүгийн үеийг дүрсэлсэн байна?
-Би түүхийн чиглэлийн уран бүтээл хийдэг. Хүннүгийн үеийг дүрсэлсэн бүтээл хийгээд зургаа, долоон жил болж байна. Өмнө нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийг уран бүтээлдээ дүрсэлдэг байлаа. Социализмын үед ч энэ төрлөөр уран бүтээлээ хийж, эсэргүү нэр зүүж, хоригдож ч байсан. Нийтэд түгсэн олон бүтээл бий. Жишээлбэл, “Монголын нууц товчоо” хэмээх долоон метр урт зэс хөөмөл бий. Анх удаа үзэсгэлэнд гаргаж байхад канадууд худалдаж авсан, одоо Торонто хотод байгаа. 
-Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийг дүрсэлсэн бүтээлүүдээ үргэлжлүүлэн хийж байгаа юу?
-Миний урам хугарсан. Хоол унд, бараа таваараа хүртэл их хааныхаа нэрээр нэрлэчихлээ. Манай гэрийн хажууд “Чингис бууз” гэдэг газар хүртэл нээгдсэн байна лээ. Энэ бол гутамшиг. Мөн хятадууд бид нараар их түүхийг маань сайхан яриулж байгаад л өөрсдийнх гээд өмчилдөг болж байна. Тиймээс монголчууд бидэнд Чингис хаанаас өөр нэг бахархах зүйл бий гэдгийг харуулахыг зорьсон. Тэр нь бидний өвөг дээдэс баруун Хүннүчүүд. Хүннүгийн түүхийг дахин сэргээх, бусдад таниулах хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр энэ чиглэлээр уран бүтээлээ хийж байна.
-Энд буй уран баримлууд бүгдийг хүрлээр хийжээ. Мөн тухайн үеийн хүмүүсийн амьдрал, аж ахуйг дүрсэлэхээс гадна ан амьтдыг дүрсэлсэн байна. Их судалгаа хийсэн байх даа?
-Хүрлээр хийсэн нь учиртай. Юу гэвэл, Хүннүгийн үе бол хүрлийн үе шүү дээ. Тиймээс хүрлээр бүтээлүүдээ урлалаа. Хүрлийн үеийн урлаг ан амьтан байгальтайгаа холбоотой байсан. Үүнийг барьж, уран бүтээлээ хийсэн. Цаашид Хүннүгийн үеийн бүтээлүүд хийнэ. Уг нь Чингис хааныхаа талаар хийх зүйл маш их байсан. Даанч сэтгэл зүрх, зориг гээд бүгд мохсон. Мохож болох бүх зүйл мохсон гэж болно. Ер нь түүхээ барьж уран бүтээл хийдэг ганц зураач нь би. Ийм нарийн судалсан хүн ховор. Уран бүтээл хийгээд 51 жил болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын туг сүлд, Хөдөө арлын гэрэлт хөшөө, Төрийн ордны есөн хөлт цагаан тугийг урласан. Энэ бүгдийг түүх сайн мэдэж байж л хийнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.