Германчууд айрганд дурлаж эхэлжээ

2016.05.13 Баасан №055 (2086)

Х.БАТСАЙХАН

“Гүүний айраг” хэмээх тансаг ундааг Төв Азийн Монгол, Казах, Киргиз зэрэг цөөн үндэстэн л хэрэглэдэг. Тэгвэл удахгүй Төв Азиас хальж, дэлхийн брэнд болох цаг ирэх нь. Германы Майн дахь Франкфурт хотын иргэн Гудрун Цольман гэх овсгоотой фермер айраг исгэж “Био кумыс” гэдэг нэрээр брэнд болгож чаджээ. Тэрээр өөрийн фермдээ жил бүр “Айрагны фестиваль” зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн баярт ирсэн зочид 1.5 тонн айраг ууж, мөн төдий хэмжээнийхийг худалдаж авсан нь урьд өмнө байгаагүй дээд амжилт болжээ. 1.5 тонн гэдэг монголчуудын хувьд бага тоо мэт боловч эм мяагаар хэрэглэдэг германчуудад багагүй хэмжээ юм. 
200 граммаар савласан эмчилгээний зориулалттай био айраг 4.9 евро, 25 ширхэгтэй нэг хайрцаг буюу таван литр нь 109 еврогийн үнэтэй гэхээр багагүй ашигтай бизнес гэдэг нь ойлгогдох бизээ. Европчуудад эмчилгээний ач холбогдлыг нь ойлгуулж чадвал айраг багагүй валют олох экспортын чухал бүтээгдэхүүн болох боломжтой нь харагдана. Дашрамд дурдахад, Олон улсын айрагны баяр гэж болдог бөгөөд энэ жилийнх нь Киргизстаны нийслэл Бишкек хотод ирэх сарын 25-ны өдөр зохион байгуулагдах аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.