Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасч Увсыг гурван мандаттай болголоо

2016.05.13 Баасан №055 (2086)

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сон­гуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төс­лийг хэлэлцлээ. СЕХ-ноос оруулж ирсэн төсөлд дурдагдсан мандатын тоо, тойргийн хуваарилалтыг Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад бага­гүй өөрчиллөө. Зарчмын зөрүүтэй са­налуудаар санал хураалт явуулахын өмнө гишүүд дараахь байдлаар саналаа илэрхийллээ.   

Ц.Нямдорж: Хэнтийд гурван мандат хуваасан нь Б.Гарамгайбаатарын захиалга
М.ЭНХБОЛД: -21 аймаг, есөн дүүргийг тойрогт хуваахдаа зарим газар засаг захиргааны нэгж, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзээгүй юм шиг байна. Дорнод аймаг 76 мянга 700 хүнтэй, 123 мянга 600 км квадрат газар нутаг­тай. Хэнтий аймаг 72 мянга 500 хүн­тэй, 80 мянга 300 км квадрат газар нутагтай. Дорнод аймгаас хүн амын тоогоороо 4000 орчмоор цөөн, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 40 мянга орчим км квадратаар бага Хэнтий аймгийг гурван тойрог хуваасан хэрнээ Дорнод аймгийг хоёр тойрогт хуваасан байна. Техникийн алдаа гараад ийм зүйл болчихов уу, эсвэл бодлогоор ингэж оруулж ирэв үү?
Ч.СОДНОМЦЭРЭН: -Энэ бол техникийн алдаа биш. Засаг захиргааны нэгж, газар нутгийн хэмжээ, хүн амын тоог нь харгалзаж мандатын тоог тог­тоо­сон. Хэнтий аймагт хүн ам, га­зар нутгийнхаа хэмжээгээр Дорнод айм­гийн дараа орох боловч илүү олон сумтай. Мөн нэг км квадрат газар ну­тагт ногдох хүний тоо нь илүү. Тий­мээс Хэнтий аймагт гурав, Дорнод аймагт хоёр мандат ногдуулсан.  
С.БЯМБАЦОГТ: -Улс төрийн хүчин, аль нэг намын удирдлагууд нөлөөлсөн үү. Хэнтий аймагт Дорнод аймгаасаа хүн ам, газар нутгаасаа бага байгаа. Гэтэл яагаад. Сонгуулийн тухай хуульд тойрог байгуулахдаа засаг захиргааны нэгж, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзана гэсэн заалт бий. Тойрог байгуулахдаа үүнийгээ хэрхэн баримталсан бэ. Бид энэ зарчмыг үндэслэн СЕХ-нд санал илгээсэн. Манай бүлгийн тухайн саналыг харгалзан үзсэн үү?
Ч.СОДНОМЦЭРЭН: -СЕХ аль нэг нам, хэн нэг хүний нөлөөнд автаа­гүй. СЕХ-ны есөн гишүүн хуралдаад санал нэгтэйгээр мандатын тоо, тойр­гийн хуваарийг гаргасан. Нам болон хувь улстөрчдөөс СЕХ-нд санал ир­сэн. Тухайн саналуудыг нь СЕХ-ны хуралд танилцуулсан. Манай гишүүд той­рог байгуулах, мандатын тоог ху­ваарилах ажлыг намууд, улстөрчид бус СЕХ хийх ёстой гэж үзээд тухайн саналуудыг тусгайлан авч үзээгүй.
Ц.ДАШДОРЖ: -Хэнтий, Сүх­баатар аймагт тус бүр хоёр мандат хуваарилсан байна. Сүхбаатар аймаг 13 сумтай, Говь-Алтай аймаг 18 сумтай. Говь-Алтай аймаг 141 мянган км квадрат газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр Өмнөговь аймгийн дараа ордог. Сүхбаатар аймгаас 1.7 дахин их газар нутагтай. Гэтэлд ганцхан мандат ногдуулсан нь ямар учиртай юм бэ. Мөн Булган аймаг Сүхбаатар аймгаас олон хүн амтай. Гэтэл мөн л нэг манддтай байх юм. СЕХ ямар нэгэн нөлөөнд автаагүй гээд байх юм. Үнэндээ авчихсан л байна ш дээ.
Ц.НЯМДОРЖ: -Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хууль баталдаг боллоо. Өршөөлийн хуулиас эхлээд л. Тойрог байгуулах, мандатын тоо тогтоох асуудал дарга нарын захиалгаар явж байна. 76 мянган хүн амтай Хэнтий аймагт гурван мандат хуваарилсан нь Б.Гарамгайбаатарын л захиалга ш дээ. Чи арай худлаа гэж хэлж чадахгүй байлгүй. Та нар яагаад ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Төр, сонгуулийн тойргийг хувьчилж эхэллээ. Мөн өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргээд өөр тойрогт хуваарилж байх жишээтэй. Яахаараа ижилхэн газар нутаг, хүн амтай хоёр аймгийн мандатын тоо  нь өөр байдаг юм бэ. Энэ чинь эгдүү хүргээд байна. Улс төрд рейтингийн судалгаа гэж бий. Б.Гарамгайбаатар судалгаагаар хоёрт орж чадахгүй байгаа учраас Хэнтийд нэг мандат нэмүүлсэн юм уу. Энэ чинь шударга ёс, ариун явдал мөн үү. Ингэж өөртөө зориулж тойрог байгуулж, төрийг хувьчилж болохгүй ш дээ.
Д.ОЮУНХОРОЛ: -АН-ын бүлэг хуралдаад СЕХ-ны саналыг өөрч­лөхөөр болсон юм байна. Багануур, Багахангай, Налайх дүүргийг яагаад өөр дүүргүүдтэй нэгтгэх санал гаргаад байгаа юм бэ. Бараг хоёр тойрог байх хэмжээний дүүргүүдээ бусад дүүрэгтэй нэгтгэж болохгүй. Мөн Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасах саналтай байгаа юм байна. Бараг 70 мянга орчим хүн амтай аймаг яагаад хоёр тойрогтой байж болдоггүй юм бэ.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -СЕХ-ны төслийг хараад техникийн алдаа гарсан юм болов уу гэж бодтол санаа­тай оруулж ирсэн гэж байна. СЕХ хараат бусаар үйл ажиллагаа явуулж хэ­ний ч нөлөөнд автах ёсгүй гэж хуу­лийг нь баталсан. Гэтэл хөнд­лөнгийн нөлөөнд орсон байна. Хүн амын тоо нь ялимгүй зөрүүтэй байхад нэг аймаг нь нэг мандаттай, нөгөө нь гурван мандаттай байхаар яагаад оруулж ирдэг юм бэ. Тэмээ, ямаа хоёр шиг юм оруулсэн байна ш дээ. Монгол Улс бол Улаанбаатар улс биш. Говьсүмбэрийг Дорноговьд нэгтгээд явж ирсэн түүхтэй. Түүнийг хэвээр нь үлдээж яагаад болдоггүй юм бэ. Мөн Улаанбаатар хотын мандатаас авч болно.
Ч.СОДНОМЦЭРЭН: -СЕХ хуу­лийн шаардлага, зарчмаа барим­талсан. Гишүүдээс тойргоо ингэж хуваах нь зүйтэй гэсэн саналууд ирсэн. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн Хэнтий аймгийг гурван тойрогт хуваах санал ирүүлсэн. 14 мандатыг 21 аймагт тэнцүү хуваах ямар ч боломжгүй учраас орон нутагт ногдож байгаа мандатыг хуваахад хэцүү байсныг ойлгох хэрэгтэй.

Н.Алтанхуяг: увсын ард түмний эрхийг хасч болохгүй 
Ё.ОТГОНБАЯР: -Хүний захиалга барьж орж ирчихээд ширэн нүүрлээд мэлзэж суугаа хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж бодлоо.  Нэг номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Харин гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж бичсэн байдаг юм. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61 мянга 138 хүнтэй. Өмнөговь аймаг 60 мянга 872 хүнтэй. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын  тоогоороо Булган 39 мянга 115, Өмнөговь 34 мянга 67 сонгогчтой. Гэтэл Булган аймаг нэг, Өмнөговь аймаг хоёр мандаттай байна. Үүнийг ямар зарчим гэх вэ. СЕХ Өмнөговийн нэг иргэн, Булганы хоёр иргэнтэй тэнцэнэ, Хэнтийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих л дээ. Яахаараа Хэнтийгээс сонгогдсон гишүүн 14 мянга, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. 
Н.АЛТАНХУЯГ: -Монгол Улсын түүхэнд сонгуулийн хуулиа сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор өөрчилж байсан түүх байдаггүй. Өнөөдөр түүхэнд байгаагүй зүйл хийчихээд одоо тойрог байгуулах, мандат хуваарилах гээд маргалдаад сууж байна. Сүхбаатар аймаг 58 мянган хүн амтай байхад хоёр, 80 мянган хүн амтай Увс аймаг яахаараа адилхан хоёр мандаттай байдаг юм бэ.  Ингэж Увсын ард түмний эрхийг хасч болохгүй. Увс аймаг гурван мандаттай болох ёстой. 
Б.ГАРАМГАЙБААТАР: -СЕХ хү­­­ний захиалгаар ажилладаг гэдгийг анх удаа сонсч байна. МАН-ын турш­лагатай гишүүд ингэж ярьж байхыг бодоход өмнө нь захиалж байсан юм байлгүй. Хоёрдугаарт, бүс нутаг гэж байдаг юм. Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьцгаадаг. Монгол Улс нэг нутаг. Та бүхний ярьж шүтэж, цээжээ дэлддэг Чингис хааны төрсөн нутаг. Та нар бүгдээрээ Чингис хаана үр сад гэж ярьдаг байх аа.  

МАН-ын бүлэг хурал хаялаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Хамгийн эхэнд С.Бямбацогт гишүүний гаргасан “Тойрог байгуулж мандатын тоог хуваарилахдаа засаг захиргааны нэгж, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг баримтална” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан боловч уналаа. Энэ үед АН-ын бүлгийн гишүүд “АН-ынхан зарчимгүй байя гэж байгаа юм байна” гэв. Уг саналын дараа явуулсан зарчмын зөрүүтэй саналууд нь аль намын гишүүн гаргаснаасаа шалтгаалан унаж дэмжигдэж байлаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн ги­шүүдийн гаргасан санал унаж, АН-ын бүлгийн гишүүдийн гаргасан санал дэмжигдэж байлаа. МАН-ын бүлгийн гишүүд Хэнтий, Сүхбаатар аймаг, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мандат хасч Булган, Говь-Алтай аймагт нэмэх санал гарсан ч дэмжигдээгүй юм. Харин АН-н гишүүдийн гаргасан Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасч Увс аймагт нэмэх, Завхан, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай аймгуудын тойргийг шинээр хуваах саналууд дэмжигдсэн юм. Увс аймгийн сумдыг гурван мандатад хуваахдаа хил залгаа байдлаар нь бус баруун, зүүн, хойд захын сумдыг нэгтгэн нэг тойрог болгосон, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувийг нэг тойрогт багтаасан зэрэг нь МАН-ын бүлгийн гишүүдэд таалагдаагүй юм. Улмаар тус бүлгийн гишүүд Байнгын хорооны хурал дуусахаас өмнө танхимыг орхиж гарлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танхимаас гарахаасаа өмнө дараахь байдлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “АН хууль зөрчиж зарчимгүй хандаж байна. Бид зарчим барьж тойргийн хуваалт хийх саналаа СЕХ-нд явуулсан. Газар нутаг, засаг захиргааны нэгж, сонгогчдын тооны хувьд бүгд тэнцүү байх ёстой. Ийм л зарчмыг МАН-ын зүгээс бүх тойрог дээр тавьж байсан. Ганцхан Ховд аймаг дээр жишээ болгоод хэлье. СЕХ харьцангуй зарчим барьсан. Харамсалтай нь АН-ын бүлгийнхэн маань УИХ-ын даргын өрөөнд Ховдоос нэр дэвших гэж байгаа гурван нэр дэвшигчээ суулгаж байгаад “Яавал та гуравт ашигтай байх вэ. СЕХ-ны хувилбараар явбал МАН-д ашигтай болох гээд байна. МАН-д ашигтай гурван суудал олгосны оронд Ховдыг хоёр мандаттай болгоё гэдэг асуудал хүртэл ярьсан байна. Н.Алтанхуяг гишүүн Увсыг гурван мандаттай болгоё гэж байхад АН-аас Ховдод нэр дэвших гэж байгаа нөхөр Ховдын мандатыг хоёр болгочихъё. Тэгэхгүй бол МАН-д ашигтай болох гээд байна гэж ярьж байгаа. Тэгэхээр нь хоёр болгосноос та нарт ашигтай болгоё гэж ярьж байгаа нөхдүүдийн оруулж ирж байгаа санал нь энэ. Энд АН-аас нэр дэвшигчийг ялуулах л зарчим баримталж байна” гэв. 
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.