Г.Амархүү: Д.Отгонцэцэг бид хоёр амьдралаа золиослон байж зүтгэсэн нь талаар боллоо

2016.05.13 Баасан №055 (2086)

Д.ЖАВХЛАН 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо албан ёсны сайтаараа дамжуулан “Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын эрх хүртсэн ч шинжилгээнээс нь допинг илэрсэн тамирчдыг зарлаж, эрхийг нь шилжүүлэхээ мэдэгдсэн нь өчигдрийн гол дуулиан байлаа. Харамсалтай нь Казахстаны нийслэл Астанад өнгөрсөн гуравдугаар сард болсон Ази тивийн тэмцээнд түрүүлснээр Риог зорих эрхийг хүртсэн, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяагийн нэр энэхүү “Хар жагсаалт”-д орсон байв. Түүний олимпийн эрх авахдаа өгсөн шинжилгээнээс мельдониум хэмээх энэ оны эхний өдрөөс допингийн ангилалд багтах болсон бодис илэрснээр Монгол Улс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн олимпийн эрхээ алдсан юм. Э.Сумъяаг допинг хэрэглэсэн тухай мэдээлэл сарын өмнө гарсан ч үүнийг МЧБХ-ноос эрс үгүйсгэж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Хэрвээ тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд Улаанбаатар, Стамбулд болсон эрхийн төлөөх тэмцээнд өөр тамирчныг оролцуулсан бол монголчууд олимпийн нэг эрхээ алдахгүй ч байж болох байв. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны мэдэгдэл гарсны дараа Э.Сумъяагийн жингийн гол өрсөлдөгч, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Д.Отгонцэцэгийн нөхөр чөлөөт бөхийн ОУХМ, улсын шүүгч Гаадангийн Амархүү бухимдлаа сошиал ертөнцөөр дамжуулан илэрхийлсэн билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-Манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид олимпийн наадмын дөрвөн эрх хүртсэн ч нэгийг нь салхинд хийсгэчихлээ. Та энэхүү шийдвэрийг сонсоод нэлээд бухимдсан нь олны анхаарлыг ихэд татлаа? 
-Сар орчмын өмнө Э.Сумъяагаас допинг илэрсэн тухай мэдээлийг олон хүнээс сонссон, цахим ертөнцөөр ч нэлээд шуугисан. Гэвч хангалттай баримт олдоогүй тул тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан тэр үед “Говь ресорт”-д бэлтгэлд хамрагдаж байсан юм. Шигшээ багийн эмч Саранцацрал нэг өдөр “Э.Сумъяагаас допинг илэрчихлээ” гээд тамирчдынхаа эмчилгээг зогсоож, тэр даруй Улаанбаатарт дуудагдсан байдаг. Энэ яриаг дэргэдээс нь сонссон хоёр, гурван хүн бий. Хэрэв энэ асуудлыг тэр дор нь шийдвэрлэж, арга хэмжээ авсан бол Улаанбаатар, Стамбулд болсон олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнүүдэд өөр тамирчин оролцуулах боломжтой байлаа. Тухайн тамирчин допинг хэрэглэснээ мэдэж л байсан. Допингийн “А” сорьцны хариу сөргөөр гарсан байхад дахин шинжлүүлж цаг алдах шаардлагагүй байдгийг мэдмээр юм. Олон улсын жишигт эхний шинжилгээ (“А” сорьц)-нээс дараагийн шинжилгээ зөрсөн тохиолдол бараг байдаггүй. “Б” сорьцыг шинжлүүлэх хооронд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчныхаа асуудлыг цэгцлэх байсан юм. 
-Таны бодлоор үүнд хэн буруутай вэ?
 -Энэ асуудлыг мэддэг, хариуцдаг бүх хүн буруутай. Монголын чөлөөт бөхийн холбоо хэт нэг талыг барьсан. Яагаад гэхээр “А” сорьцны хариу сөргөөр ирсэн үед нь зарлах ёстой. Олон нийтэд зарладаггүй юм гэхэд тогоон дотроо энэ асуудлаа шийдчих байсан юм. Энэ хугацаанд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчдын талаар хөөцөлдөх байсан. 
-Та хугацаа алдсан гэх гээд байна уу? 
-Тийм. МЧБХ-ныхон хэдхэн хоногийн өмнө Монголд болсон олимпийн эрх олгох тэмцээнд ДБНХ-ны ерөнхийлөгч Ненад Лалович ирэхийг мэдэж байсан. Тэр хүнийг хүлээж цаг алдсан болов уу. Энэ хүнийг ирэхэд Э.Сумъяагийн хэрэглэсэн хориотой эмийн бодисын хувийг дарах гэж хөөцөлдсөн байж магадгүй. Э.Сумъяа УАШТ-д түрүүлэхдээ допинг хэрэглэсэн байсан байх. Түүний дотны нэгэн нөхөр “Э.Сумъяа УАШТ-ий үеэр мельдониум хэрэглэсэн” гэж хэлж байсан. Энэ бол ам дамжсан яриа шүү. Гэхдээ л сарын өмнөх ам дамжсан яриа өнөөдөр бодит болсон байна. Бэлтгэл сайн хийсэн нь биш, допинг хэрэглэсэн бөх түрүүлж болдог юм уу. МЧБХ, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч нарт зохих ёсны шийтгэл оногдуулах ёстой. 
-Э.Сумъяа допинг хэрэглэлгүй шударга өрсөлдсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан уу? 
-Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит олон улсын тэмцээн өнгөрсөн оны аравдугаар сард Сэлэнгэ аймагт болоход Э.Сумъяа, манай эхнэр Д.Отгонцэцэг хоёр хэсгийн аваргын төлөө өрсөлдсөн юм. Манай хүн Э.Сумъяаг онооны илт давуугаар ялах шахсан. Сүүлдээ 13:7-гоор ялсан шиг санагдаж байна. Харин Э.Сумъяа энэ оны эхээр УАШТ болоход огцом бяртай болчихсон Э.Даваачимэгийг 10:0, манай эхнэрийг цэвэр ялж байгаа юм. УАШТ болон Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний амжилтаас харгалзан олимпийн наадмын Азийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгосон. Тэгээд Э.Сумъяа хоёр тэмцээний нийлбэрээр олимпийн эрхийн тэмцээнд оролцон түрүүлж эрхээ авсан. Ер нь олимпийн жилийн УАШТ маш өрсөлдөөнтэй болдог. Миний бодлоор Э.Сумъяагийн УАШТ-ий өмнө хэрэглэсэн хориотой эмийн бодис нь олон хоногийн дараа саармагжаад мельдониум болж илэрч. Допинг хүний цусанд хоёр, гурван сар идэвхтэй байдаг. 
-Олимпийн наадмын эрхээ допингоос болж алдсанд нь жингийнх нь өрсөлдөгч Д.Отгонцэцэг, Э.Даваачимэг нар их харамсч байгаа юу?
-Мэдээж. Д.Отгонцэцэг бид хоёр “Лондон-2012” олимпийн дараа хүүтэй болсон. Эхнэр маань хүүгээ зургаан сартай байхад УАШТ-д зодоглосон. Хэсгийн аваргын барилдаанд Э.Даваачимэгт, хүрэл медалийн төлөө Э.Сумъяад ялагдсан. Хүүхэд төрүүлээд форм алдагдсан үе нь л дээ. Тэгээд 2015 оны УАШТ, “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлсэн. Ингэснээр өнгөрсөн жилийн АНУ-ын Лас-Вегаст болсон ДАШТ-д оролцох эрх авсан. Гэтэл шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр эхнэрийн маань сэтгэл зүйгээр их наадсан даа. Бэлтгэл бүртээ “Чи өөрийгөө ДАШТ-д явна гэж бодож байна уу. Үгүй байхгүй юү” гэхчилэн элдвээр дарамтладаг байсан. Хэрэв тэмцээндээ сэтгэл санааны хүнд дарамтгүй оролцсон бол өдийд олимпийн наадмын эрхээ авчихсан байх байлаа. Энэ бол эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нарын муухай бодлого. 
-Спорт анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат допинг илэрснийг хамгийн түрүүнд мэдсэн байх учиртай. Энэ хүн цаг алдалгүй эртхэн зарласан бол асуудал арай өөр байх байжээ? 
-Ч.Насанбат дарга Э.Сумъяагийн допингийн хариуг мэдчихээд шигшээ багийн эмч Саранцацралтыг дуудсан. Тэгээд Улаанбаатарт хэдэн эмч шуурхай хуралдсан юм билээ. Тэр үед миний таньдаг нэг сэтгүүлч Ч.Насанбатаас допингийн талаар мэдээлэл авах гэж уулзсан. Харин Ч.Насанбат “Допингийн тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Манайд ийм асуудал байхгүй” гэсэн гэдэг. Допингийн асуудлаар шуурхай хуралдсаныхаа дараа ингэж хэлсэн байгаа юм. Үүний араас шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оросуудаас мельдониум илэрсэн байна. Харин манайхан допингоос ангид. Хэрэв илэрвэл бид хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж ярьж байсан. Хэрэв хариуцлага гэж байдаг бол энэ хүнд арга хэмжээ авах ёстой. Ер нь олимпод оролцох тамирчдын сонгон шалгаруулалт тун бохир болдог. 
-Тухайлбал? 
-Саяхан олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний өмнө Дасгалжуулагчдын зөвлөлийн хурлаар эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, Э.Нарангэрэл гэж хоёр хүн дээр санал хураасан. Ц.Намуунцэцэг 4:2-оор ялсан ч дараа нь Мэргэжлийн зөвлөлөөс “Хоёр залуу хүүхдийн хэнийг нь гэх үү, сорил хийлгээд шийдчихэе” гэсэн. Тэгээд сүүлд нь Удирдах зөвлөлийн хурал дээр хэнийг нь явуулахаа шийдвэрлэж чадахгүй бөөн хэрүүл болсон. Тэр үед Д.Сумъяабазар аварга “Б.Батбаяр аа чи шийд” гээд хаалгаа савах нь холгүй юм болсон. Тэгэхээр нь Б.Батбаяр өөрийн шавь Э.Нарангэрэлийн нэрийг оруулсан. Нэг, хоёрдугаар шатны хурал ингээд үр дүнгүй болж байгаа юм. Уг нь Дасгалжуулагчдын зөвлөлөөс гарсан шийдвэр хөрсөнд арай илүү буумаар юм. Тэгээд Б.Батбаяр баахан хариуцлага ярьчихаад эрхийн тэмцээнд оролцоход Э.Нарангэрэл нь сураггүй хоёр нөхрийг ялаад, гуравдугаар тойрогт олимпод Д.Отгонцэцэгийн ялж байсан Польшийн бөхөд 0:10-аар дийлдсэн. Ингээд олимпийн эрх өнгөрсөн. Б.Батбаяр тухайн үед “Ц.Намуунцэцэг олимпийн эрх авчирч чадахгүй бол та нар хариуцлагыг нь үүрэх үү” гэж байсан. Тэгвэл Э.Нарангэрэлийг бярдаад аваад явсан Б.Батбаяр өөрөө хариуцлагаа үүрэх нүүртэй байх ёстой. Одоо тэгээд өмөөрөөд байсан Э.Сумъяа нь допингийн шинжилгээнд уначихлаа. Цаашид ийм зүйл гаргуулаад, хараад суумааргүй байна. Д.Отгонцэцэг бид хоёр амьдралаа золиослон байж бэлтгэл сургуулилт, олимпийн наадмаас амжилт үзүүлэхийг л зорьсон, хичээсэн. Эхнэр маань “Рио-2016” олимпийн наадмаас медаль хүртвэл бидний амьдрал арай өөр төвшинд очно гээд зүтгэцгээсэн юм. Бүх зүйлээ золиослон байж зүтгэсэн бидний хөдөлмөрийг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, эмч Саранцацрал гэсэн хэсэг бүлэг хүн орвонгоор нь өөрчилчихлөө. Би энэ хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө явна. Хэрэв миний хүч хүрдэггүй юм бол хэвлэлийн бага хурал хийнэ. Өөрийнхөө мэдсэн, сонссон бүх мэдээллээ харамгүй тараана. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.