Газрын тосны газрын тэтгэлгээр гадаадад суралцах боломжтой

2016.05.11 Лхагва №054 (2085)

Г.САНЧИР

Газрын тосны газрын сургалтын тэтгэлгээр гадаадын улс орнуудад суралцаж төгссөн залуусын уулзалт боллоо. Энэхүү уулзалтад Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон тус газрын даргаар ажиллаж асан О.Даваасамбуу, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор Ж.Цэвээнжав нар оролцсон юм. Энэ үеэр Газрын тосны  газрын тэтгэлгээр гадаадын улс орнуудад суралцаж төгссөн залуучууд өөрсдийн санал, сэтгэгдлээ хуваалцаж, цаашид газрын тосны салбартаа ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж байв. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн төгсөгчдийн уулзалтад оролцогчдод баяр хүргээд, салбарынхаа өнөөгийн байдлын талаархи товч мэдээллийг танилцуулсан юм. Газрын тосны салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хайгуул олборлолтын үйл ажиллагаа эрс эрчимжжээ. 2015 онд улсын хэмжээнд 1.1 сая тонн газрын тос олборлож 142 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж, 200 тэрбум төгрөгийн орлогыг олсон байна. Харин энэ онд газрын тосны бүтээгдэхүүнээс 460 тэрбум төгрөгийн орлого олж, 160 тэрбум төгрөгийн татвар төлөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг Газрын тосны газрын дарга  онцоллоо. 
Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах ажлыг Газрын тосны газар хариуцан зохион байгуулдаг. 2000 оноос хойш сургалтын урамшууллын энэхүү  хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хугацаанд гадаадын их, дээд сургуулиудад газрын тос , уул уурхай болон бусад холбогдох мэргэжлүүдээр 106 оюутан бакалаврын зэрэгтэй мэргэжил эзэмшиж, 31 магистр, гурван доктор нийт 140 оюутан төгсчээ. Өнөөдрийн байдлаар Газрын  тосны газрын тэтгэлгээр суралцан төгсөгчдийн 50 хувь нь буюу 70 нь салбартаа, бусад салбарт 29 хүн ажиллаж байна. Мөн 17 төгсөгч мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байгаа ажээ. Түүнчлэн бакалаврын түвшний боловсрол эзэмшихээр Хятадад 46, АНУ-д 12, ОХУ-д 11, Канадад 7, Австралид 6, Австри, Чех улсуудад тус бүр нэг оюутан суралцаж байгаа юм байна. 
Газрын тосны газрын сургалтын урамшууллын тэтгэлгийн талаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Эрдэнэсайханаас тодрууллаа.
-Тэтгэлгийн энэ жилийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ?
-Газрын тосны газрын сургалтын тэтгэлгийг жил бүр 5-6 дугаар сард зарладаг. Засгийн газрын 2013 оны 291 дүгээр  тогтоолоор батлагдсан журмын дагуу элсэлт, сонгон шалгаруулалтыг явуулдаг. Сонгон шалгаруулалтын комиссыг Уул уурхайн яам, БСШУЯ, Газрын тосны газар гэсэн гурван байгууллагаас төлөөлөгч оролцуулан байгуулдаг. Элсэлтийн зарыг олон нийтэд сарын хугацаатай зарлан хүүхдүүдээ бүртгэж авдаг. Энэ жил зургадугаар сарын эхээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлах байх. Суралцагчийн тоо жил бүр батлагдсан төсвөөс хамааран өөр өөр байдаг. Дунджаар 20 орчим хүүхдийг бакалаврын сургалтад, 10 орчим хүнийг магистрын сургалтад элсүүлдэг. Энэ жил ийм тооны элсэгч сонгон шалгаруулах болов уу.
-Ямар болзол хангасан залуус тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?
-Уул уурхайн чиглэлээр нэгдүгээр курст суралцаж байгаа эсвэл салбартаа хоёр болон түүнэээс дээш жил ажилласан залуусыг сонгон шалгаруулдаг. Доктор, магистрын шатанд суралцах хүмүүс харьцангуй цөөхөн байдаг. Харин бакалаврын төвшний мэргэжил эзэмших хүүхдүүдийг шалгаруулахдаа ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн газрын тос, өрөмдлөгийн тэнхим болон бусад сургуульд уул уурхайн чиглэлээр суралцаж нэгдүгээр курсээ дүүргэсэн оюутнуудыг сонгож авдаг. Энэ нь ямар учиртай юм гэхээр нэгэнт энэ салбарын мэргэжлийг сонгосон хүүхдүүдэд тэтгэлэг олгох зорилготой. Гадаадын энэ чиглэлийн сургуульд нэгдүгээр курсээ төгссөн оюутан ч энэ тэтгэлэгт өрсөлдөж болно. Нэг суралцагчийн жилийн төлбөрийг 25 мянган доллараар тооцдог. 
-Шалгалтыг ямар хэлбэрээр авдаг вэ?
-Бид газрын тосны салбарын инженерүүдийг бэлдэх гэж байгаа учир бакалаврын элсэлтэд тоо, хэлний шалгалт авдаг. Магистрт суралцах элсэгчдээс дээрх шалгалтаас гадна ярилцлага авч гол зорилгыг нь тодорхойлдог. БНХАУ болон ОХУ-д олон оюутан суралцуулах боломжтой байдаг. Харин АНУ, Канадад магистр хамгаалах хүмүүсээ суралцуулдаг. Хууль эрх зүй, гадаад худалдаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр суралцах боломжтой. Энэ нь газрын тос, уул уурхайн салбартай цаагуураа холбоотой мэргэжлүүд. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.