НӨАТ-ын баримтаа авахгүй байх нь бусдад мөнгөө алдаж байгаагаас ялгаагүй

2016.05.09 Даваа №053 (2084)

Х.БАТСАЙХАН

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, улсын ахлах байцаагч С.Гансүрэнтэй ярилцлаа. 

-Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдөр” болгон зохион байгуулдаг. Энэ жил иргэд рүү чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Татвар төлөгчийн өдрүүд “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор өнөөдөр 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийнэ. Энэ үеэр уламжлал ёсоор нийслэл, дүүргийн шилдэг татвар төлөгч ААН, иргэнийг шалгаруулан алдаршуулахаас гадна хамтлаг дуучид уран бүтээлээ өргөн барих юм. Мөн иргэдийн дунд “НӨАТ-ын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн, татвар төлөгчдийн өдрүүдийг угтан зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлүүдийн үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, софт теннис, шатар даам, бүх нийтийн гүйлт зэрэг тэмцээн уралдаан энэ долоо хоногийг дуустал үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
-Баянзүрх 320 гаруй мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Танай татварын хэлтсээс ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Манай хэлтсийн хувьд татварын өдрүүдийг угтсан ажлууд эхэлсэн. Дүүргийн I хороонд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч татвар төлөгч иргэдэд “Татвар төлөгч танд баярлалаа” уриатай татвар төлөгчдийн өдрүүдийг угтан татварын мэдлэг олгож, зөвлөгөө өгөх ажил энэ сарын 4-нд зохион байгуулсан. Энэ ажил 5-6-нд XXV хороонд үргэлжилсэн бол 10-12-нд XIV хороо, 13-нд "Дүнжингарав" худалдааны төвд гэх мэтээр зохиогдоод явна. "Сандэй плаза", "Нарантуул" зах, "Баянзүрх" зах зэрэг худалдааны томоохон төвд татварын сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа.  
-НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд улсын төсөвт төвлөрсөн НӨАТ, болон бусад татварын хэмжээ өссөн үү. Хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? 
-НӨАТ-ын шинэ хууль гарснаар төр, татвар төлөгчийн хоорондын харилцааг илүү хялбарчилсан. Татвар төлөгч, татварын байцаагчдын аль, алиных нь ажил илүү хөнгөрлөө. Манай хэлтсээс зохион байгуулсан дээр дурдсан арга хэмжээнүүдэд НӨАТ-ын хуулийн сурталчилгаа, урамшууллын системийн талаархи сургалт багтаж байгаа. Иргэд маань хамгийн гол нь баримтаа маш сайн нэхэж авч, ebarimt.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Хуульд эцсийн хэрэглэгч НӨАТ төлөгч байхаар заасан. Гэтэл та баримтаа авахгүй бол таны төлсөн татварыг улсад тушаах эсэх нь тухайн ААН-ийн үзэмж болж хувирах эрсдэлтэй. Тиймээс баримт бүр мөнгө гэдгийг ухамсарлан, баримтаа авснаар улсдаа орлого оруулж, өөрөө ч урамшуулалд хамрагдах боломжоо нээж байгаа гэдгээ иргэн бүр ухамсарлах ёстой. НӨАТ-ын баримтаа авахгүй байх нь бусдад мөнгөө алдаж байгаагаас ялгаагүй.
-ААН-үүд баримт хэвлэж өгөхдөө хойрго хандаж байгаа талаар иргэд гомдоллодог. Ийм тохиолдолд хаана хандах ёстой вэ?   
-НӨАТ төлөгч байна гэдэг бол гадны орнуудад асар том нэр хүнд байдаг. Бизнесийн нэг байгууллага нөгөөтэйгөө харьцахдаа хамгийн түрүүнд “Танайх НӨАТ төлөгч үү” гэж асуудаг. “Үгүй” гэвэл үнэлэмж нь буурна. Шууд хэлэхгүй ч гэсэн “Уучлаарай, манайх жижигчүүдтэй харьцахгүй” гэсэн хандлага гаргадаг байхгүй юу. Тийм учраас ААН болгон аль болох их борлуулалт хийж НӨАТ төлөгч болохын төлөө зүтгэдэг, НӨАТ төлөгч гэдгээрээ бахархдаг. Манайх ч удахгүй ийм болно.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.