Баянгол дүүргийн загвар нийслэлийн хөгжлийг илтгэнэ

2016.05.09 Даваа №053 (2084)

М.НОРОВСҮРЭН 

Баянгол дүүрэг хяналтын камерын тоогоор нийслэлд тэргүүлдэг

Халаасны хулгайн гэмт хэрэг олон төрлөөр цэцэглэн, хамрах хүрээгээ тэлж, арга нь өдрөөс өдөрт нарийсч байна. Нийслэл хотын хамгийн их чих халууцуулдаг асуудал нь ч халаасны хулгай. Иймээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Баянгол дүүрэгт гэмт хэргийн гаралт хэр байдаг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний биелэлт  зэргийн талаар сурвалжиллаа. 
Баянгол дүүрэг гэмт хэргээс сэргийлж байршуулсан хяналтын камерийнхаа тоогоор нийслэлдээ тэргүүлдэг юм байна. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатараас тодруулахад  “Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд,  иргэдийн амар амгалан байдал, нийгмийн харилцаанд оролцох үйл явц зэрэг бүхий л харилцаанд дүүргийн засаг захиргаа, удирдлагаас чамгүй их хөрөнгө оруулалт хийгээд байна. Анх 2012 онд манай дүүрэгт  245 камерыг байршуулсан. Үүний  дараагаар  2015 онд орон нутгийг  хөгжүүлэх сангийн 80 орчим сая төгрөгөөр 180 камерыг нэмэлтээр суулгасан юм. Одоогийн байдлаар эдгээр камерыг дүүргийнхээ цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр төвлөрүүлэн нэгдсэн системийнхээ хяналтыг бий болгосон.  Ингэснээр 24 цагийн хяналт тавих үүргийг гүйцэтгэх алба хаагч гэсэн шинэ ажлын байр бий болсон.  Мөн энэ оноос иргэд, СӨХ-ны санаачлагаар “СӨХ-Камерын хяналт 2” гэсэн арга хэмжээг үргэлжлүүлж байгаа. Энэ хяналтын камерын системийг цаашдаа улам өргөжүүлэн гэр хороололд хүртэл байршуулах төлөвлөгөөтэй байна” хэмээлээ. 

Тус хяналтын камерт хадгалагдсан бичлэгүүдийг 1-3 сарын хугацаанд  эргэн харж, ухрааж үзэх боломжтой учир гэмт хэрэгтнийг барих, нотлох баримттай болох асуудал улам хялбар болжээ. Энэ мэт хяналтын камер тавьсны ач холбогдол өндөр. Энэ талаар Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн теле камерын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Оюунтөгсөөс тодрууллаа.
Тэрээр “Бид 24 цагийн хугацаатай Баянгол дүүргийн бүх камерыг хянаж ажилладаг. Цаг алдалгүйгээр гэмт хэрэгтнийг барихын тулд тасралтгүй л хянадаг даа. Ажлаа  хийгээд сууж байхад энэ хүн яг хулгай хийх гээд байна гэж шинжиж харснаас эхлээд л, сэжигтэй бол эргүүлийнхээ цагдаа нарт мэдэгдэж тэр даруйд нь гэмт хэрэгтнийг барьсан тохиолдол олон бий. Ер нь халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн худалдаа үйлчилгээний газруудаар хүмүүсийн нягтаршил ихтэй газраар их гардаг. Иргэдийн ихэнх нь дэлгүүрт худалдан авалт хийх зорилготой явж байхдаа өөрийнхөө эд зүйлсийг хулгайд алдсан гэдгээ ч анзаарах сөхөөгүй явдаг. Тиймээс энэ тал дээр иргэд өөрсдөө маш сэрэмжтэй байх хэрэгтэй” гэсэн юм. Гар утсаа халаасны хулгайчид алдаад хяналтын камерын тусламжтайгаар хэдхэн хормын дараа эргээд олж авсан иргэн н.Билгүүн тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр тайлбар хийхээр ирээд байхад нь бид уулзлаа.
н.Билгүүн “Би хичээлээ тараад хорооллын дэлгүүрээс юм авах гээд явж байсан юм. Гэтэл нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг болохоор нь эргээд харсан чинь цагдаа  “чи юмаа алдчихлаа, байж байгаарай”  гээд нэг масктай хүнийг гавлаж байсан. Тэгээд л би гайхаад үүргэвчтэй цүнхээ хартал онгойчихсон дотор нь байсан миний утас байхгүй байсан. Цагдаа миний утсыг авчирч өгөхдөө холбоо барих дугаарыг маань авсан учир би өнөөдөр ирж тайлбар хийчихээд байж байна. Яаж шууд мэдэж хулгайчийг барьсныг нь асуухад хяналтын камераар харж байсан юм байна лээ. Би оюутан болохоор утсаа бүр алдчихаагүйдээ баяртай байна” гэлээ. 
Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,13 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Тэгвэл Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд, гудамж талбай зэрэгт эл хууль дүрмийг сайн хэрэгжүүлсэн нь “Ардын үг” аяны сурвалжлагын явцад ажиглагдлаа. Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 52 орчим хувь нь  өөрсдийн хөрөнгөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 1500 орчим хяналтын камерыг байршуулсан гэх албан тоо байгаа нь сайшаалтай.

Сургуулийн ачааллыг мансард барьж шийджээ

 

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаатай холбоотойгоор тус дүүрэг дэх сургуулийн хүрэлцээ, хүүхэд залууст чиглэлтэй үйл ажиллагааны биелэлт хэр байгаа талаар сонирхлоо.
Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуулаас тодруулахад “2012-2016 онд нийт 377,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дүүрэгтээ татсан. Улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгө, "гудамж" төсөл, буцалтгүй тусламж зэрэг орлогоос үүнийг татсан юм. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд 26 тэрбум төгрөгийн 58 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Сургуульд 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Үүнийг эхлүүлэхийн өмнө иргэдийн дунд санал асуулга явуулж, аль хороонд юу хийх шаардлагатай байгааг судалсан. Сургуулиудын хамрах сургалтыг нэмэх  чиглэл дээр анхаарч ажилласан.
Жишээлбэл, 20, 40 дүгээр сургууль, “Эрдмийн ундраа” цогцолбор гэх мэт сургуульд давхарлах үйл ажиллагаа явуулсан.  Тэгснээр хамран сургалт нэмэгдлээ гэж дүгнэж байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа Баянгол дүүргийн хүүхдийн зуслантай болж байгаа. Энэхүү зуслан нь Тэрэлж горхид байрлалтай, эхний барилгууд ашиглалтад орсон байгаа юм. Ингэснээр 30-40 хүний ажлын шинэ байр бий болж байна. Харин нэг ээлжид 350-400 хүүхэд амруулах хүчин чадалтай гэхээр Баянгол дүүргийн хүүхэд багачууд зуны амралтаа агаар салхинд ая тухтай амрах боломж бүрдсэн. Мөн хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр бид дүүрэгтээ “Хүүхэд хөгжлийн төв”-ийг нээж байна.Үүнтэй холбоотойгоор 25 төрлийн дугуйлан хичээллэх зорилготой ажиллаж байна. Тус төв ашиглалтад орсноор 42 ажлын байр шинээр бий болох юм. Мөн Усан спорт хөгжлийн төв ашиглалтад орсноор бид улсын хэмжээний зургаан рекордыг эвдэж чадсан. 58 алт, 13 мөнгө, 21 хүрэл мщдаль авсан амжилттай байна” хэмээлээ.
Харин бид эдгээр ажлын бодит биелэлтийг үзэхээр Ган зам 20 дугаар сургууль дээр зочиллоо. Сургуулийн нэмэлт мансардны ажил хийгдсэнээр сургалтын чанар болон орчны ямар ямар өөрчлөлтүүд гарсан зэргийг тодруулав.
Ган зам 20 дугаар сургуулийн дотоод хянан шалгалтын ажилтан Г.Батбаатар “Манай сургуулийг анх 1983 онд байгуулсан. Тухайн үед оросууд төмөр замд ажиллаж байхдаа энэ сургуулийг барьж “Орос хоёрдугаар сургууль” гэж нэрлэсэн юм. Тэр цагаас хойш сурган хүмүүжүүлэх ажлаа тасралтгүй явуулж байгаад сүүлд 2011 онд БСШУЯ-ны харьяа лаборатори сургууль болж байлаа. 
Ингэснээр сургалтын чанар, багш нарын хичээл заах чанар дээшилсэн гэдэг утгаараа наашаа чиглэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд манай сургуульд суралцах сурагчдын тоо нь хэтрээд багтахгүй болсон. Харин энэ асуудлыг 2014-2015 оны хичээлийн жилд улсын хөрөнгө оруулалтаар 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хуучин барилгын их суурийн ажил, сургуулийн нэмэлт давхар буюу мансардыг бариулсан. Ингэснээр 14 шинэ анги танхим, багш нарын ажиллах өрөө тасалгаа нэмэгдсэн.  Нийтдээ манайд суралцаж буй 2400 хүүхэд дээр 15 анги нэмэгдэж ирж суралцах боломж бүрэн нээгдсэн юм.  Ийн ачааллаа тэнцвэржүүлээд дунд, ахлах ангийнхан нэг ээлжид орж, хичээлийн бус цагаар багш нарын сурагчидтайгаа ажиллах нөхцөл, сурагчид давтлага хийх боломж бүрэн нэмэгдсэн гэж хэлж болно” гэж ярилаа. Энэ тухай Ган зам 20  сургуулийн 7 дугаар ангийн сурагчдаас сэтгэгдлийг нь сонсоход “Өмнө нь анги хэсч хичээллэдэг, тогтсон нэг анги танхим гэж байгаагүй. Харин одоо ангитай болсноор өөрийн гэсэн өмчтэй болсон мэт сайхан байна. Хамгийн гол нь ангигүй байхад давтлага хийх, анги танхимаа цэвэр байлгах боломж олддоггүй, сургуулиас зохион байгуулдаг ажилд анги нийтээрээ бэлтгэх боломж хүртэл хомс байлаа. Харин одоо бол ангитай болоод цэвэр тухтай, ангидаа давтлага хийх боломжтой болж, гэртээ харихгүй хичээлээ хийгээд суумаар санагддаг болсон” гэв.
Ингээд бодохоор ер нь сургуулийн хүрэлцээгүй байдлыг арилгахын тулд заавал шинэ сургууль барих гэж цаг алдахын оронд нэмэлт мансард барьж, анги танхимаа нэмснээр илүү олон хүүхэд сургуульд хамрагдах боломжтой гэдгийг Баянгол дүүргийн сургуулиудад шийдэж өгчээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.