Н.Зоригтбаатар: А.Сүхбат аварга нэр дэвшихгүй бол наадмаар барилдана

2016.05.06 Баасан №052 (2083)

С.ШИЙЛЭГТӨМӨР

“Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” хэмээх ном уншигчдад хүрчээ. Үүнтэй холбогдуулан тус номын зохиогч, А.Сүхбат аваргын авга ах Н.Зоригтбаатартай ярилцлаа. 

-Та хэзээнээс А.Сүхбат аваргын тухай ном бичье гэж төлөвлөсөн юм бэ?
-“Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг энэ номыг нэлээд ну­хаж байж гаргалаа. Энэ бол миний бөхийн сэд­вээр бичсэн тав дахь ном. Энэ номын өмнө 2010 онд “Эгнэшгүй хүчит Намхай аварга” гэж ном бичсэн.  Мэдээж ном бичнэ гэдэг амаргүй. А.Сүхбат аварга 2001 оны наадмаар 1024 бөх барил­дахад түрүүлж аварга цол хүртсэн. Аварга цолных нь найран дээр би түүнд өөрийнх нь амжилт, амьдралын түүхээр ном бичиж өгөхөө амласан юм. Тэр үед би “Дайчин вангийн хулгар Нацаг” гэж ардын хувьсгалаас өмнө нь барилдаж байсан даншигийн арслан цолтой халхын сайхан эр, агуу их хулгар Нацагийн тухай жижигхэн ном бичсэн байсан юм. Аваргын найранд 370 хүн ирсэн. Ирсэн хүн бүрт тэр номоо бэлэглэсэн. Найранд нь ирсэн хүмүүсийн алгыг тэнийлгэх ёстой гэж үзсэн юм. Аварга “Ах аа, би үүнийг бодож байгаагүй юм байна. Найранд ирсэн хүмүүсээс юм аваад л байдаг. Өөрөө юм өгдөггүй. Сайндаа л нэг тавгийн боов, ууцны хишиг өгдөг. Үүнээс хойш бодмоор юм байна” гээд найранд нь ирсэн хүмүүст ном бэлэглэсэнд их баярласан. Тэгээд миний амлалтыг зөвшөөрч “За танд эрхийг нь өгье. Та миний тухай ном бичээрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш ярилцаж байгаад тэмдэглэл хө­төлдөг болохыг нь олж мэдээд “Тэмдэглэлээ хэнд ч үзүүлж болохгүй шүү” гэж захисан. Зодог тайлс­наасаа хойш нэг жилийн дараа тэмдэглэлээ зог­соосон юм билээ. Тэр тэмдэглэлүүдийг нь би өнгөрсөн намаржингаа уншлаа. Ер нь номдоо бүгдийг нь оруулсан. “Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг номын нэр бол А.Сүхбат аваргын өөрийнх нь хэлсэн үг байгаа юм. Номынхоо нэрийг дөрөв, таван нэрээс сонгохоор хүмүүстэй зөвлөлдсөний эцэст хоёр нэр үзүүр, түрүүнд үлдсэн. Нэг нь “Ард түмэн үнэнд л дуртай”, нөгөө нь номын нэрээр сонгогдсон “Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг нэр.  
-Хэдэн оноос хойш тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм бол?
-1986 оноос тэмдэглэл хөтөлж ирсэн юм билээ. 1986 онд Хонхор өртөөний найман жи­лийн дунд сургуульд наймдугаар анги төг­сөөд есдүгээр ангид орохын оронд ээжтэйгээ зөвлөлдөж байгаад Барилгын техникум буюу одоогийн Барилгын коллежид орсон тухайгаа тэмдэглэлдээ бичсэн байсан. 1985 онд 15 настайд нь аав нь бурхан болж ээж нь 11 хүүхэдтэйгээ үлдсэн. Бүх зүйл ээжийнх нь толгой дээр ирсэн гэсэн үг. Тиймээс А.Сүхбат аварга бушуухан мэргэжилтэй болоод ээждээ нэмэр болох ёстой гэсэн бодлоор Барилгын техникумд орсон тухай тэмдэглэлээр нь энэ ном эхэлж байгаа. Хамгийн сонирхолтой хэсгийг нь хамаагүй яриад яахав. Хүмүүс өөрсдөө унших байх. 
-Номоо бичиж эхлэхээсээ өмнө аваргатай нэлээд их ярилцав уу?
-Асууж тодруулах шаардлагатай зүйлсээ чө­лөөтэй асуусан. Тэмдэглэлийн дэвтрээ өгөөч гэж нэлээд их гуйсан. Аварга “Цаг нь болсон юм уу, ах аа” гээд өгөхгүй нэлээд байж байгаад өгсөн. Өөрөө бол “Тэтгэвэрт гарсныхаа дараа сайхан сууж бай­гаад дурсамжаа бичнэ гэж боддог” гэж яриад бай­сан. Хэзээ ч тэтгэвэрт гараа билээ. “Өөрийг чинь тэтгэвэрт гарах үед фэнүүд чинь бүгд хөг­ширнө. Залуучууд огт мэдэхээ байна. Номын борлуулалтын зах зээл ч байхгүй болно” гэж хошигнож байгаад тэмдэглэлийг нь авсан л даа. Ер нь түүхийг чинь бичье, таны амьдралаар уран сайхны кино хийе, таны тухай ном гаргая гэж олон хүн ханддаг гэсэн. Ийм саналтай байгаагаа на­даар дамжуулж хэлүүлж байсан тохиолдол ч бай­даг. Номоо бичих явцдаа олон юм тодруулж асуусан. Тухайлбал, дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын зөвхөн хоёулхнаа мэддэг зүйлийг ч энэ номдоо оруулсан. 2014 оны наадмаар гур­вын даваанд А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг ам авахыг зэрэг дуудсан. Ам авахаар явахад нь би хүрэн дээлийг нь бариад ард нь зогсч байлаа. Ам авахуулахаар зэрэг дуудахад нь А.Сүхбат аварга жиг­тэйхэн хурдан алхаад яваад өгсөн. Г.Өсөхбаяр аварга араас нь тэмээ шиг гунхаад зөөлхөн алхаад л. Би А.Сүхбат аваргыг хараад л байлаа. Хөлийн цэц дээр дөнгөж очоод л буцаад эргэсэн. 
-Ам авахаар явахаасаа өмнө танд хэнийг амлахаа хэлсэн үү?
-Надад л ганцхан хэлсэн. Бид хоёр урд шөнө нь нэлээд ярилцаж суусан. Яах бол, одоо юу болдог бол гээд л. А.Сүхбат авар­га хөлийн цэц дээр дөнгөж очоод л эргэхдээ Г.Өсөхбаяр аваргатай зөрсөн. Тэр хоёрын ойр хавьд нэг ч хүн байгаагүй. Зөрөхдөө хоорондоо нэг юм ярих шиг болсон. Гурав, дөрвөн секунд л болсон байх. Г.Өсөхбаяр аварга цаашаа хоёр гурав алхсанаа буцаад алхчихсан. Өөрийг нь амла­чихсаныг мэдээд хөлийн цэц дээр очилгүй буцсан хэрэг л дээ. Би ч яг л авлаа даа гэж бодож зогссон. Тэр хоёр зөрөхдөө юу ярьсныг мэдсэн ганц хүн нь бий. Зөрөхдөө ярьсан зүйлийг нь энэ номд бичсэн.
-Таныг А.Сүхбат аваргын авга ахынх нь хувьд түүнтэй нэлээд ойр дотно байдаг юм байна гэж ойлголоо. Аварга тантай их ярил­цаж зөвлөлддөг үү?
-А.Сүхбат аваргын амьдрал, барилдааны тэмц­­лийн явцад тохиолдсон буруу зөрүү алдаатай юм бий. Оносон ч юм бий. Яг одоо буруу юм шиг харагдаж байгаа ч 20, 30 жилийн дараа гарцаагүй зөв болох ч юм бий. Тэр бүгд бол цаг хугацаагаар хэмжигдэнэ. Тэр бүхэнтэй нь холбоотой байсан хүн нь би. Тухайлбал, 2006 онд зодог тайлна гэдгийг ердөө хоёрхон хүн мэдэж байсны нэг нь би. Зодог тайлна гээд наадмаас хоёр гурван хо­ногийн өмнө шийдвэрээ гаргачихсан байсан. Сүүлд нь ярилцлага өгөхдөө “Төв цэнгэлдэхийн уур амьсгалыг мэдрээд шийдвэр гаргасан” гэсэн байна лээ. Тэр бол тактик л даа. Зодог тайлна гэдгийг нь мэдэж байсан учраас би анх удаа наадам үзэлгүй өнж­сөн. Энэ бол миний Төв цэнгэлдэхэд наадам үзэж байгаагүй ганц тохиолдол. 2014 онд гурвын да­ваанд Г.Өсөхбаяр аваргыг амлана гэдгийг бид хоёр л ярьж байгаад шийдсэн. Энэ тухай өөр хэнд ч хэлээгүй. Харин наана нь бол тоглоом маягаар тур­шилт зөндөө явуулсан л даа. Хоёрын даваа дуу­сахын алдад А.Сүхбат аварга Н.Батсуурь хүү­тэйгээ сууж байсан Г.Намсрайжав харцагын дэргэд очоод “Наяа ах аа би гурвын даваанд Өсөхөөг авна аа” гэж хэлсэн. Г.Намсрайжав харцага “Энэ 512 бөхөөс хэн дуртайгаа авдаг но­мер нэг эрх чамд л байгаа ш дээ. Та хэнийгээ авахаа өөрөө л мэд” гээд л тоглоом хийсэн. Тэгэ­­хээр нь А.Сүхбат аварга “За Наяа ах аа, би монгол­­чуудад хэлнэ шүү. Өсөхөөг та л ав гэсэн шүү. Хэрэв буруудвал би тан руу чихнэ шүү” гээд тоглоом хийгээд байхгүй юу. Хажууд нь сууж байсан Н.Батсуурь, Б.Бадам-Очир, Ц.Гэрэлт-Од, Ө.Даваабаатар, Л.Пүрэвжав нар ч аваргыг юу хийх гээд байгааг мэдэхгүй тоглож байна л гэж бодсон байх. “Аа багш тоглож байгаа байлгүй дээ. Арай ч болохгүй ш дээ. Багш Өсөхөөг ав­чих юм бол баларсан юм болно биз дээ” гээд л инээл­дээд, хүн үнэмшихгүй байгаа байхгүй юү. Би ч чимээгүй яриаг нь сонсоод л байсан. Хоёрын даваа дуусаад л А.Сүхбат аварга “Ах аа, энэ бөхийн холбоо арай ч дээ. Бөхийн холбооныхон  намайг ингэж хавчиж байгаа юм бол би ярьж байснаараа гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлалаа” гэ­сэн. Би ч дотроо палхийгээд л явчихсан. Монгол Улсын бөхийн түүхэнд дархан аварга цолтон дархан аварга цолтой бөхөө амлаж авч байсан то­хиолдол их цөөхөн байдаг юм. Гэхдээ нут­гийн­хаа юм уу, эсвэл төрсөн ахыгаа жишээ нь, Намхай аварга төрсөн ахынхаа цолыг ахиулах гэж дэмжиж ахыгаа амласан байх жишээтэй. Яг ингэж тэмцлийн журмаар ам авч байсан то­хиолдол бол байгаагүй. “Ерөөсөө л Г.Өсөхбаяр аваргыг амлаж авна” гээд дахин дахин надад хэ­лээд байсан. Би ч дуугүй зогсоод л байлаа. Бүр түү­нийг амлах шалтгаанаа тайлбарлаж эхэлсэн. “Ах аа, ах аа ингэхгүй бол наадуул чинь ерөөсөө намайг ойлгохгүй юм байна. Эрэмбэ гэд­гийг ч ойлгохгүй байна.  Яагаад гэвэл, би 2004 онд дөрөв дэх удаагаа түрүүлсэнд тооцогдоод дар­хан аваргын болзол хангасан. Надаас таван жилийн дараа Г.Өсөхөө аварга дөрөв түрүүлж дархан аваргын болзол хангасан. Түрүүний аварга нь дараачийн аваргаа авдаг эрэмбэтэй гэд­гийг түүхэнд мөнхөлж өгөхгүй юм бол хүмүүс ойл­гохгүй юм байна. Уламжлал гэдгийг ингэж л харуулж яс маханд нь шингээж өгөхгүй бол наад бөхийн холбооныхон чинь ойлгохгүй нь” гэсэн. Түүнээс биш Г.Өсөхбаяр аварга руу бол дай­раагүй юм. А.Сүхбат аварга сүүлд нь ярьж байх­даа “Өсөхөө бол сайн хүн. Манай Өсөхөөг цаана нь л хүмүүс үймүүлээд байна” гэж ярьж байсан. 
-2015 оны наадмаар барилдана гэж байгаад больчихсон. Энэ шийдвэрийг  ч гэсэн тантай зөвлөлдөж гаргасан уу?
-2015 онд барилдана гэж байгаад наадмын яг өмнө “За энэ удаа больё” гэж шийдсэн. Энэ шийд­­вэрийг ч гэсэн бид хоёр ярьж байгаад л гаргасан.
-А.Сүхбат аварга таны зөвлөгөөг хэр авдаг вэ? 
-Миний зөвлөгөөг авахдаа авдаг. Авахгүй то­­хиолдол ч байна. Аварга өөрөө юмыг маш сайн бод­дог. Аваргын бодож төлөвлөсөн зүйл ихэнх­дээ зөв байдаг. Би Г.Өсөхбаяр аваргыг гурвын даваанд ам­лаж авахыг нь болиулах гэж их хичээсэн. Тэгэх­­дээ эцэст нь өөрийнх нь зөв бай­сан. Хэрэв тэ­­гээ­гүй бол түрүүлж дархан аварга болсон хүн нь заавал ам авдаг гэдэг 370 жил мөрдсөн ард түм­ний уламжлал алдагдаж, бичигдээгүй хууль зөр­чигдөх байсан. 2014 оны наадмын өмнө олон хүн бидэнд зөвлөсөн. “Хаанаас ч гарсан яадаг юм. Чи наад дүүдээ хэлээч. Яасан тэнэг юм” гээд л.
-Ер нь бол ингэж барилдъя, тэгж барилдъя гэхээсээ илүү Г.Өсөхбаяр аваргыг амлахаа чухалчилсан юм уу?
-Тийм. Амлах нь л чухал байсан. “Амлая ах аа. Амлаад л буугаад өгчихье. Өсөхөөг даваа ахиул­­чихъя. Би Өсөхөөг ингэнэ гэж үнэхээр зүүд­лээгүй” гээд нулимс унагасан. Нэгийн да­ваанд гарах гээд дэвээд зүүн талд очсон чинь Өсөхөө урд нь хөндлөн зогсоод байсан. Тухайн үед А.Сүхбат аваргын нүүр нь мэнчийгээд л их хачин болсон. Нэгийн давааны дараа яг хэнтэй барилд­санаа ч санахгүй байсан. Барилдаж ирчихээд “Ах аа энэ их чанга хүүхэд байна. Хоёр гар таслах гэж байна шүү золиг чинь. Ямар хүүхэд байсан бэ” гэж надаас асуусан. Тэгж их нервтсэн байсан. “Би Өсөхөөг ингэнэ гэж бодоогүй” гээд л тэр хоо­ронд бодоод байсан юм байна лээ. Хоёрын да­ваа дуустал бодоод л “За би Г.Өсөхбаяр авар­гыг амлаж авъя” гэж хэлсэн. Наадмын дараа “Би их буруудлаа ах аа. Нэгдүгээрт, энэ жил би ямар цол авна гэж бодож байсан ч биш. Хоёрдугаарт, яг ийм юм болно гэж бодоогүй учраас бэлтгэл хийгээгүй. Мэдсэн бол бэлтгэл хийдэг байж” гэж хэлж байсан. Баянаа аварга бас сүүлд нь “А.Сүхбат Г.Өсөхбаяртай барилдах ёстой бай­сан юм. Барилдсан тохиолдолд А.Сүхбат огт бэлт­гэлгүй байсан ч Г.Өсөхбаярыг хаяна” гэсэн. Тэгэ­хээр би “Яагаад, Г.Өсөхбаяр бол байнгын бэлт­гэлтэй байгаа. Манай аварга бол огт бэлт­гэлгүй байсан шүү дээ” гэтэл “Яалаа гэж. Шал өөр. Г.Өсөхбаяр бэлтгэл хийгээд хийгээд А.Сүхбатыг хаях чадваргүй. Харин А.Сүхбат бол ямар ч бэлтгэлгүй байтугай халуураад бие нь маш муу байсан ч ямар ч хүнийг нэг удаа хаях ер бусын аргатай хүн. А.Сүхбат аваргаас хүний санаанд оромгүй зүйл гарна. Би багш нь юм чинь мэдэлгүй яахав” гэж билээ. 
 -Одоо бол А.Сүхбат аварга зодоглохгүй гээд шийдчихсэн байгаа юу?
-Яг барилдахгүй гэж хэлээгүй. 2015 онд сайхан барилдана гээд бэлтгэл сайн хангасан. Улсын заан Д.Амгаланбаатар, харцага Л.Пүрэв­жав, Ө.Даваабаатар гээд шавь нартайгаа бэлтгэл дээр яс үзэж байсан. Аваатай, өгөөтэй барилдаж өндөр хэмжээнд бэлдсэн байсан. Гэвч яг наадмын өмнө барилдахаа больсон шүү дээ. Ийм шийдвэр гар­гахдаа “Г.Өсөхбаяраасаа түрүүлж дархан аварга болсон учраас насан туршдаа өмнө нь гар­на. Энэ жилдээ би дүү аваргаа хүндлээд нэг удаа өнжье дөө” гэж хэлсэн. Хамгийн гол нь нэг удаа гэж хэлсэн юм. Тийм учраас да­хин барилдахыг үгүйс­гэхгүй. Удахгүй болох сон­гуульд нэр дэв­ших бодолтой байгаа юм билээ. Нэр дэвш­вэл нэгдүгээрт, сонгууль гэж явсаар ядар­­на. Хоёр­дугаарт, наадам тулчихна. Тэгэхээр энэ жилдээ яах ёстой юм мэдэхгүй байна. Сонгуульд нэр дэвшихгүй тохиолдолд барилдаж магадгүй л дээ.
-Монгол үндэсний бөхийн түүхэнд барил­дахгүй гэдгээ албан ёсоор зарлачихаад дахин барилдсан тохиолдол А.Сүхбат аваргаас өөр байдаг юм уу?
-Монгол Улсын түүхэнд ч бий. Дэлхийн түүхэнд ч бий. Олимпийн төрөлтэй барилдаанууд ч байдаг. Зодог тайлсан тамирчин буцаад барилд­сан тохиолдол олон байдаг. Би үүний хоёр жишээг энэ номдоо оруулсан.
-А.Сүхбат аваргын хүү барилдаж эхэлсэн. Аварга хүүдээ өөрийнхөө барилдааны ур чадвараас зааж байгаа юу?
-Аваргын хүү С.Хангайг жаахан байхаас нь мэднэ. Би тэдний хоолыг олон жил буудсан хүн шүү дээ. С.Хангай бол хоёр талын дархан аваргын удамтай сайхан хүү. Ер нь бол Г.Өсөхбаяр аваргын дайны шахуу нуруутай, одоо дөнгөж 20 настай хүү байгаа юм. Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж байгаа. Гайгүй сайхан бөх болчих байх гээд л харж байна. Гэхдээ хүүхдийг хамаагүй магтаж болохгүй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.