Уншиж, бичиж, зурдаг “Амьтдын цагаан толгой”

2016.05.06 Баасан №052 (2083)

Яруу найрагч Хэнтийн Батхүүгийн зохиосон “Амьтдын цагаан толгой” хүүхдэд зориулсан цуврал номын нээлт боллоо. Энэхүү ном нь сургуулийн өмнөх насныхан болон бага ангийн сурагчдад зориулагдсан бөгөөд А-Я хүртэлх цагаан  толгойн дарааллаар амьтдын үр төлийг танилцуулсан зурагтай ажээ. Мөн зураг бүрийг дагалдуулан тухай амьтны үр төлийн талаар шүлэг, оньсогыг монгол, англи хэл дээр болон монгол бичгээр бичсэн нь хүүхдэд олон талын ач холбогдолтой болсон байна. Үүнээс гадна хүүхэд тухайн амьтны зургийг өнгө ялган будах боломжтой. 
Ийнхүү бага насны хүүхдийн танин мэдэхүйг тэлж, зураг, будах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийг зорьсноороо “Амьтдын цагаан толгой” ном өвөрмөц болжээ. Эхний гурван боть нь хэвлэлтээс гараад байгаа уг номын нээлтэд Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол хэлний зөвлөлийн гишүүн, нэрт орчуулагч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, В.Нэргүй, С.Ууганбаяр нарын уран бүтээлчид оролцсон юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.