Е.О.Чернышева: ОХУ-д тэтгэлгээр сургах оюутны тоог нэмнэ

2016.05.02 Даваа №050 (2081)

М.АЛТАНЦЭЦЭГ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Е.О.Чернышевагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Жил бүрийн шинэ хичээлийн жилд ОХУ-ын их дээд сургуулиудад тус улсын тэтгэлгээр суралцуулах элсэлтийн шалгалт авдаг. Монголчуудын хувьд ОХУ-д суралцах сонирхол их байдаг. Үүнийг харгалзан тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэхэд Элчин сайдын яамны зүгээс ямар бодлого барьдаг вэ?
-Энэ бол Орос, Монгол иргэдийн хувьд чухал асуудал. Тиймээс бид их, дээд сургуульд элсүүлэх тогтолцоог жил ирэх тусам боловсронгуй болгох, тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэхийг хичээж байна. Гэхдээ биднээс шууд хамаардаггүй. Бидний хувьд тэтгэлгээр суралцагчдын тоо, сар бүр олгодог амьжиргааны зардлыг нэмүүлэх саналаа  Засгийн газартаа хандан байнга гаргадаг. Квотын тоог ОХУ-ын Засгийн газраас гаргадаг. Зөвхөн Монгол Улсаас төдийгүй гаднын улсаас сургах оюутны тоог тогтоодог. Бид батлагдсан квотын дагуу асуудлыг шийддэг журамтай. Түүнчлэн квотын тодорхой хувийг их, дээд сургуулиудад олгох, сургуулиуд нь өөрсдөө оюутнаа сонгон авах, асуудлаа бие даан шийддэг болох асуудлыг тавьж байгаа. 
-Монгол оюутнууд ОХУ-д ямар мэргэжлийн чиглэлээр суралцвал давуу байдаг бол?
-Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас тухайн жилд  хэрэгцээтэй ямар мэргэжил байгаагаа тогтоож, захиалга өгдөг. Тухайн жилд сургах квотын тоог жил бүр шинэчлэн тогтоодог. Тиймээс жилд хэдэн квот олгохыг урьдчилан мэдэх боломжгүй. Гэхдээ оюутны тоо болон суралцах мэргэжлийн чиглэлийг нэмэгдүүлэх тал дээр бидэнд олон төлөвлөгөө байгаа. Квотын тоог нэмэхийг хичээхийн зэрэгцээ гадаадын оюутан элсүүлэх журмаа улам боловсронгуй болгож байгаа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.