М.Энхболд: Сонгуулийг хугацаанд нь явуулах ёстой

2016.04.29 Баасан №049 (2080)

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Та хувьдаа Цэцийн дүгнэлттэй санал нийлж байгаа юу?


-Манай нам жил гаруйн өмнө “Ард нийтийн санал асуулга явуулж монголчууд хууль тогтоох дээд байгууллагаа ямар аргаар сонгохыг тодорхойлъё” гэж тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь үүнийг эрх баригчид хэлэлцээгүй. Бидний гаргасан Сонгуулийн тухай хуульд олонхийн санаа бодол давамгайлсан. 

Ер нь ганц Сонгуулийн хууль ч биш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд баталсан бүх хуульд олонхийн санаа бодол давамгайлсан. Цэцийн тухайд ямар нэгэн нөлөөгүйгээр шийдвэр гаргасан гэж бодож байна. 2012 онд жагсаалтаар 28 гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гарч байгаагүй. Зөвхөн тойрогт нэр дэвшээд ялагдсан хүн намын жагсаалт руу гулсч сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт л гарсан. Хүмүүс үүнтэй андуураад Цэц дөрвөн жилийн дотор хоёр өөр дүгнэлт гаргаж байна гэж андуураад байх шиг байна. Ер нь орон нутагт явж байхад иргэд “Намын жагсаалтын ард нуугдаж сонгогдохоо болиоч. Өргөн  уудам  газар нутагтай улс орны хувьд энэ тогтолцоо манай улсад тохирохгүй юм байна. Нэг хүн нүүрээ үзүүлээд алс хязгаарт байгаа иргэнийг төлөөлөхөө амлаж сонгогдох ёстой” гэж байна. Ард иргэдийн дийлэнх нь ийм саналтай байгаа. Аливаа асуудлыг шийдвэрлэсний дараа ганц нэг хүний эрх ашигт нийцүүлэх гэж нөгөө тал руу давалгаа үүсгэж шийдвэр гаргахад саад учруулж болохгүй. Цаашлаад сонгуулийг хойшлуулах вий гэдгээс санаа зовж байна. Монголын төр сайн ч ажилласан бай, муу ч ажилласан бай ирэх зургадугаар сарын 29-нд ард иргэдээрээ дүнгээ тавиулна. Сонгууль энэ хугацаандаа явах ёстой гэдэг байр сууринд МАН хатуу зогсоно. Манай нам Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа.

 

-“Шударга ёс” эвслийн бүлэг хуу­лийнхаа тогтолцоог өөрчлөх­гүй­гээр нээлттэй жагсаалт гаргаж жагсаалтын 28 нэр дэвшигчээ сонгогчдоор эрэмбэлүүлэх санал гаргаж байна. Энэ саналыг хүлээж авах боломжтой юу?

-Бид Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад түүнтэй уялдуулсан өөрчлөлт хийх ёстой. 28 хүний нэр гаргаад сонгогчдоороо эрэмбэлүүлдэг хуультай болъё гэж бодож байсан юм бол өнөөдөр биш анх хуулиа хэлэлцэж байхад санал гаргахгүй яасан юм бэ. Ямар нэгэн асуудал шийдэгдсэний дараа сөргүүлж, олон түмэнд бас болмоор ч юм уу гэсэн бодол төрүүлэх замаар төр засгийн ажлыг зогсоох гэж оролдох нь буруу. Бид бол анхнаасаа ард түмнээсээ асуугаад шийдүүлчихвэл шулуухан гэсэн байр суурьтай байсан.

 

-Танай нам одоо ч жижиг мажоритар системээр сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаа юу?
-Манай намын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.


-Хүний эрхийг хангах үндэс­ний хөтөлбөрт сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруу­лахыг хориг­лосон заалт бий. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд энэ хөтөлбөрийг заалтыг хүчингүй болгох ёстой юу?
-Үндсэн хууль зөрчсөн хуу­лиар сонгууль явуулах юм бол тэр сонгуулийн үр дүнгээр байгуу­лагд­сан УИХ хууль бус, хүлээн зөвшөө­рөгдөхгүй хууль тогтоох дээд байгуул­лага болж хувирна. Тийм учраас УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авч хуу­лиа Үндсэн хуулийн зөрчилгүй болгос­ныхоо дараа сонгууль явуулах ёстой.

 

-Цэцийн дүгнэлттэй холбоо­той­гоор 2012 онд жагсаалтаар сон­гогдсон гишүүд бүрэн эрх цуцлагдах ёстой  гэх хандлага байна. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Цэц өмнөх сонгуулийг зохион байгуулсан хуулиар дүгнэлт гар­гаагүй. 2015 онд батлагдсан Сон­гуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Мөн хууль буцаж үйлчилдэггүй гэдэг. Тиймээс жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуусгах бүрэн боломжтой. 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.