Ангийн номын сан, авьяасын галерейтай зөв монгол хүүхдүүд

2016.04.27 Лхагва №048 /2079/

Г.СОНИНБАЯР

Би хүүгийнхээ авьяаст итгэдэг

Хүүгээ зураг зурах авьяастай гэдэгт би бат итгэх болсон. Хийж байгаа үйлдэл, орчин тойрныхондоо үзүүлж байгаа ааш аяг, зан төрх, сонирхол, хандлагыг нь ажиглах бүр энэ итгэл маань лавширдаг. Миний хүү одоо гурван настай. Хоёр дахь жилдээ цэцэрлэгт явж байгаа “хуучин цэрэг” л дээ. Эхний жил цэцэрлэгтээ дасахаас эхлээд багагүй бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ өглөө бүр дагаж уйлдаг эрх зангаа санасныг бодоход амархан орхиж, харьцангуй бие даасан байдалтай болоод эхэлсэн. Ноднин жил хүү маань иймэрхүү ахиц дэвшилтэйгээр “нэгдүгээр анги”-аа дүүргэсэн дээ. Харин энэ жилээс хүү маань бүх талаар хөгжиж байгаа нь анзаарагдах болсон. Ноднин огт тоодоггүй байсан буддаг номуудаа нэхэж авч байгаад л бүгдийнх нь “учрыг олчихсон”. Зурж, будах эв дүй суусан нь илт анзаарагдаад байгаа. Мөн баримлын шавраар янз бүрийн зүйлс хийнэ. Хүүгийн маань шинээр сурч байгаа энэ бүх үйлдэл, зан үйл, сэтгэлгээнд нь гарч байгаа өөрчлөлтүүд цэцэрлэгийн орчин хийгээд ангийн багштай нь салшгүй холбоотой. Хүүхэд маань аяндаа өөрчлөгдөөд хэл яриа, сэтгэхүй нь хөгжөөд ирэхээр эцэг, эх бид өөрийн эрхгүй тэрхүү өөрчлөлтөд татагдаж эхэлсэн. Ангийнх нь багш хүүхдүүдээ амьд байгальтай аль болох ойр байлгаж, бодитоор нь харуулж мэдрүүлэн, танилцах аялал хийлгэдэг нь хүүгийн маань зурах, дүрслэх чадварт их нөлөөлсөн гэж боддог. 42 дугаар цэцэрлэг бол БСШУЯ-ны түшиц цэцэрлэгийн нэг. Бага боловсролын шинэчлэлийг анхлан хэрэгжүүлж туршсан лаборатори гэж хэлж болно. Эднийх хүүхэд хүссэнээрээ чөлөөтэй байх, тоглож наадангаа суралцах амьд орчныг бүрдүүлсэн нь таалагддаг. Хүүхэд бүрийг хөгжүүлж, тэдний авьяасыг нээнэ гэдэг ёстой л уурхайгаас эрдэнэс олборлохын дайтай хүнд хэцүү, чимхлүүр нарийн ажил. Гэхдээ энэ ажилдаа 42 дугаар цэцэрлэгийнхэн амжилттай яваа гэж боддог. Хүүгийн маань ангийнхан ноднингийнхтой нь харьцуулахад энэ жил эрс өөр болж хэн дуулж, бүжиглэх авьяастай, хэн хэн зурах, бичих авьяастай вэ гэдэг нь тодорч ялгарч ирсэн байна. Ангийн багш нь хүүхэд бүрийн онцлог хийгээд авьяас чадвар, бие сэтгэхүйн хөгжлийнх нь талаар тэмдэглэл хөтөлж, өөрчлөлт бүхнийг нь гярхай ажиглаж, үүндээ тулгуурлан заах арга барилаа сонгодог ажээ. Багш нар нь ингэж хүүхэд бүртэйгээ уйгагүй ажиллаж, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд анхаараад ирэхээр эцэг, эхчүүд ч гэсэн сургалтын үйл ажиллагаанд татагдан оролцох болсон. Миний хувьд хүүгээрээ зураг зуруулж, баримлын шавраар юм хийлгэх, цаасаар элдэв дүрс хайчлуулах, зурагт номууд үзүүлэх зэргээр дүрслэх урлагийн авьяас, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. “Авьяас” хөтөлбөр манай гэр бүлд ингэж хэрэгжиж байна. Авьяасыг эрт нээн илрүүлж хөгжүүлэх шиг чухал зүйл үгүй. Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх арга зүйг цэцэрлэгийн багш нар эзэмшиж чаджээ. Тиймээс би хүүгийнхээ авьяас, ирээдүй хоёрт эргэлздэггүй. Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж байгаа багш нарт нь ч бас итгэдэг. Зөв монгол хүүхэд, зөв монгол хүн ирээдүйн Монгол Улсын баялаг гэдэгт бүр их итгэдэг. Энэ итгэл маань өдрөөс өдөрт улам л лавширсаар байна. Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн Боловсролын үндэсний чуулганаар энэ бодолдоо улам бат илгэсэн. Хүүхэд бүрийг хөгжүүлж, тэдний авьяас чадварыг нээх, амьдрах чадварт сургах  талаар өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд ямар ахиц гарсныг уг чуулганы үеэр нүдээр харж, чихээр сонсов.  

Хүүхдийн хөгжил ерөнхий эрдмээр хязгаарлагдахгүй

Засгийн газраас 2013 онд баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Эдгээр хөтөлбөрүүд хоорондоо уялдаа холбоотой хэрэгжиж, хүүхэд бүрийг хөгжүүлэх гол зорилгоо биелүүлж байгааг өнгөрсөн гурван жилийн хугацаанд эцэг эхчүүд мэдэрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл хөрсөн дээрээ хэдийнэ бууж, үр шимээ өгч эхэлсэн. Боловсролын эдгээр шатны цөм хөтөлбөрүүдийг боловсруулан амжилттай туршсаны үндсэн дээр өнгөрсөн намраас улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь бага, дунд ангийнхны үйл ажиллагааны цаг. Энэ үйл ажиллагааны цагаар хүүхдүүд өөрсдөд тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, судалгаа хийх, үнэлгээ, дүгнэлт өгөх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг олон чадвар эзэмшиж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Боловсролын үндэсний чуулганы хүрээнд болсон Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөгөөний нэг хэсэг үйл ажиллагааны цагийг танилцуулахад зориулагдсан юм. Энэ үеэр 21 аймаг, есөн дүүргийн 30 багш үйл ажиллагааны цагаар сурагчдаа хэрхэн хөгжүүлж, тэднийг ямар арга зүйгээр удирдан чиглүүлдгээ нээлттэй танилцуулсан. Хүүхэд өмнө нь зөвхөн багшийн хэлсэн, заасан хичээлийг бичиж, тэмдэглэж, улмаар түүнийг нь цээжлээд буцааж ярьдаг идэвхгүй хэлбэрээр хичээлийг явуулдаг байсан бол боловсролын шинэчлэлийн үндсэн зарчим үүнийг бүрэн өөрчилжээ. Сурагчид өөрсдөө асуудлыг тодорхойлж, судалж шинжлэн, үнэлэлт дүгнэлт өгнө. Улмаар тулгамдсан чухал асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маргаан мэтгэлцээн өрнүүлж шийдэл гаргадаг болжээ. Байгаль орчноо хамгаалах, ёс заншлаа сэргээн өвлүүлэх, эх хэлээ төгс сайн эзэмших, интернэт орчинд зөв соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, гэр бүлийн харилцаандаа анхаарах, хүүхдийн эрхийг хамгаалах гэх мэтчилэн эмзэг бөгөөд тулгамдсан олон асуудлыг сурагчид үйл ажиллагааны цагаараа судалж, хэлэлцүүлэг өрнүүлдэг ажээ. 
Тухайлбал 58 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчид  үйл ажиллагааны цагаараа “Амны хөндийн ариун цэвэр, арчилгаа” сэдвээр мэдээлэл цуглуулжээ. Сайн хичээл үйл ажиллагааны хүрээнд тэд шүд өвчлөх шалтгаан, сойзны түүх, сойзыг хэрхэн зөв сонгох болоод ооны тэмдэглэгээ, үзүүлэх нөлөөний тухай ч судалжээ. Үүн дээрээ тулгуурлан олон талын үнэлгээ дүгнэлт хийсэн байна. Хүүхэд бүр бүтээлчээр сэтгэж, бие даан санал санаачилга гарган, мэтгэлцсэний үр дүн тун сонирхолтой гарсан байлаа. Тэд амаа байнга угааж хэвших, сойзоо тогтмол хугацаанд солих гэх зэрэг түгээмэл уриалга гаргасангүй. Харин шүдний оог импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд хандан “Хүүхдийн ихэнх оо хар тэмдэглэгээтэй буюу химийн гаралтай байгаа учраас байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн ногоон тэмдэглэгээтэй оог оруулж ирэхийг уриалж байна” гэсэн юм. Энэ бол хүүхэд бие даан өөрсдийгөө хөгжүүлж, амьдрах чадварыг эзэмшиж байгаагийн нэг л жишээ. Бүрэг ичимхий байсан хүүхэд илтгэх урлагаар хичээллэн  өөрийгөө нээж хөгжүүлж чадсанаар Соёлын төв өргөөний тайзнаа олон зуун хүний өмнө итгэл төгс ярихыг харахад бахархмаар. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч А.Хүдэрчулуун ийнхүү өөрийнхөө сул талыг ялан дийлж, илтгэх чадварыг эзэмшсэнээ “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрэээнд хэрэгжсэн “Ном” дэд хөтөлбөртэй холбон тайлбарлаж байв. Үнэхээр “Ном” хөтөлбөр хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулиудад ангийн номын сан байгуулагдсан. Ингэснээр сурагчид олон төрөл, чиглэлийн номыг ангидаа унших боломж бүрдсэн юм.  

Авьяасын галерейд эргэн зочлохуй

Гурван жилийн өмнө “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, түүний дэд хөтөлбөрүүд батлагдах үед хүүхэд бүрийг хөгжүүлдэг багшийн эрэлд БСШУЯ-ныхан гарсан юм. Энэ эрэлд сэтгүүлчид нэгдэн хот, хөдөөгийн олон мундаг багшийг олж тодруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд  танилцуулсан. Тухайн үед хүүхэд бүрийг хөгжүүлдэг бүтээлч багшийн эрэл маань Яармагийн 60 дугаар сургууль руу хөтөлсөн юм. Тус сургуулийн дүрслэх урлагийн багш П.Энхбаяр шавь нараа хөгжүүлэх талаар олон жилийн туршлага дээрээ тулгуурлан өөрийн гэсэн арга зүйг боловсруулан  хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татсан билээ. П.Энхбаяр багшийн тэрхүү арга зүй бол эдүгээгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгыг хангахуйц шинэлэг зүйл байсан юм. Тэрээр сургууль дээрээ “Улаан алим” нэртэй дүрслэх урлагийн дугуйлан ажиллуулж 50 гаруй сурагчийг хамруулаад байв. П.Энхбаяр багш сурагчдаа түвшингээр нь ангилж, түүндээ тулгуурлан заах аргаа тодорхойлдог байна. Тухайлбал хүүхдүүдийг туршиж, судалж үзсэний үндсэн дээр авьяастай, хөгжүүлэх шаардлагатай, жирийн гэж гурав ангилна. Ингээд авьяастай хүүхдийг цаашид хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор гүнзгийрүүлсэн сургалтаар хичээллүүлдэг гэнэ. Харин хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдийг бол зурах, бичих ур чадварыг нь улам сайжруулж, хөгжүүлэхэд анхаарна. Жирийн гэдэг ангилалд багтах хүүхдүүд бол огт авьяасгүй гэсэн үг биш. Харин тэд математик, уран зохиол, хими, физик зэрэг өөр хичээлд авьяастай хүүхдүүд байж болно. Тийм хүүхдүүдийн хувьд заавал зураач бол гэхгүй ч гоо сайхны мэдрэмж олгох, аливаад уран бүтээлчээр ханддаг болгох, уран зургийг амьдралдаа хэрэглээ талаас нь ашигладаг болоход нь туслахыг зорьдог хэмээн ярьж байсныг тодхон санаж байна. Ингээд гурван жилийн дараа Яармагийн “Улаан алим” дугуйланг дахин зорилоо. Тухайн үед уг дугуйлангийн тухай “Авьяасын галерей” гэсэн сурвалжлага бичиж байсан юм. Гурван жилийн дараа очиход “Авьяасын галерей”-н бүтээлүүд улам л баяжиж, улам чанаржжээ.
Тухайн үед дунд ангийн сурагчид л зургийн дугуйланд явдаг байсан бол одоо бага ангийнхан зургийн дугуйланд явах сонирхолтой болж, бяцхан Пикассонууд “Улаан алим” дугуйлангийн эгнээг тэлжээ. Тиймээс уг дугуйлангийн сурагчдын тоо бараг хоёр дахин нэмэгдэж 93 болжээ. П.Энхбаяр багшаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, ахицын талаар тодруулахад, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой уялдуулан сурагчдынхаа нуугдмал авьяасыг нээн хөгжүүлэхэд анхаарсан. Өмнө нь зөвхөн авьяастай гэсэн хүүхдүүдийг л сонгож тэдэнтэй ажилладаг байсан бол энэ арга барилыг халсан. Хүүхдүүдээ түвшин түвшинд нь хөгжүүлэхэд анхаарч байгаа. Хүүхэд бүрийн ахицыг түвшин түвшинд нь үнэлдэг. Ямар ч авьяасгүй хүн гэж байдаггүй. Хүүхэд заавал нэг авьяастай байдаг. Түүнийг нь нээж хөгжүүлэх л чухал” хэмээн ярилаа. Сурагчид зөвхөн зураг зурах бус ном маш их уншдаг болсон. Тэр хэрээрээ сэтгэлгээ нь тэлж байгаа нь тэдний зургаас харагдаж байгаа гэдгийг ч П.Энхбаяр багш  онцлов. 
Эцэст нь дүгнэж хэлэхэд “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хүүхэд бүрийг хөгжүүлж, тэдийг амьдрах чадвартай, авьяас билэгтэй монгол хүн болон төлөвших суурийг тавьж чаджээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.