Оюутнууд барьцаагүй таван хувийн зээл авах боломжтой

2016.04.27 Лхагва №048 /2079/

М.Мөрөн

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөр баталжээ. Тиймээс  оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо. Зээл олгох журмыг баталж тавдугаар сарын 2-ноос эхлэн хэрэгжүүлж эхлэх юм байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр хоёр үе шаттай байх нь. Эхний ээлжид их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлөх гэж авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлэх юм байна. Үүнд энэ оны эхний өдрөөс хойш авсан зээл хамаарах бөгөөд хүүг таван хувь болгон бууруулах аж. Харин дараагийн шатанд урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутныг хамруулна. Гэхдээ нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш,  хоёр болон түүнээс дээш дамжаанд суралцдаг бол 3.5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавина.  Зээлийн хэмжээг их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк шийдвэрлэх юм байна. Жилийн хүү таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэлх хугацаанд эргэн төлөх юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих бөгөөд оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.