Бидний тухай

Бүрэн гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй гэсэн үг. Бүтэн, дүүрэн гэсэн утгыг илэрхийлэхээс гадна хамгийн зохистой, байх ёстой хэм хэмжээг бас хэлдэг. “Монголын медиа корпораци” (ММК) ажиллах арга барилаа “Бүрэн зураглал” гэж тодорхойлсон нь санамсаргүй биш юм. Илүү ч үгүй, дутуу ч үгүй зураглана гэдэг хялбар зорилт биш. Мэдээллийн тэнцвэртэй байдал, олон талын эх сурвалж, хариуцлагатай сэтгүүл зүй, олон суваг, хүртээмж зэрэг бүхий л агуулга, хэлбэрийг бүрэн байлгана гэдэг том зорилт, бас тод зарчим. Сэтгүүл зүйн салбарт 20 жилийн түүхэн туршлага, мэдлэгийг хуримтлуулсан баг, хамт олны хувьд энэ нь мэдээж байж болох зорилт. “Eagle news” телевиз нь “ММК” болон өргөжиж “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүл, www.eagle.mn сайт,  FM 91.1 зэрэг мэдээллийн бүхий л сувгаар мэдээлэл түгээж буй. Үүнийг хамгийн товчоор “Бүрэн зураглал” гэж томъёолж байгаа хэрэг.

Хаалттай нийгэмтэй харьцуулахад одоо цагт мэдээлэл нээлттэй болсон ч бүх мэдээлэл үнэн, баттай, баримттай, хамгийн гол нь бүрэн агуулгаа илэрхийлж чаддаг уу гэвэл өрөөсгөл. Иймээс л “ММК” нь телевиз, сонин, сайт, сэтгүүл, нийгмийн сүлжээ, 21 аймаг дахь бүтцээрээ дамжуулан хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг хадгалсан чанартай мэдээллийг түгээх зарчмаа баримтлан ажиллаж байна.

“Мэдээ” гэсэн ганцхан үгийг агуулгын хувьд бүрэн хүргэх нь “ММК”-ийн зорилго. Хэвлэл, мэдээллийн бүхий л төрлөөр мэдээлэл дамжуулж байгаа шалтгаан нь ч энэ.

Мэдээллийг бүтнээр нь хүргэж, мэдээг бүрнээр нь зураглах боломжийн талаар одоо товч тайлбар хийе. Даяаршиж буй дэлхий ертөнцийн мэдээний их урсгал дунд төөрөхгүй, бас хоцрохгүй явахад “Eagle news” телевиз хөтөч болох юм. Нийслэл болон 21 аймаг дахь өөрийн бүтэц, дэлхий даяар тархсан мэдээллийн хүчирхэг агентлагуудтай хамтарч мэдээний урсгалыг зогсолтгүй хүргэх нь “Eagle news”-ийн зорилго. Эндээс л “Бүрэн зураглал” эхэлнэ. Мэдээ цаашаа яаж үргэлжлэхийг “Ардын эрх”-ээс уншиж болох бол хамгийн гол тойм дүгнэлтийг нь “Үндэстний тойм” нийтэлнэ. “Бүрэн зураглал”-ыг бүтэн болгож буй нэг хэлбэр нь цахим ертөнц. Нийгмийн сүлжээн дэх хуудсууд, www.eagle.mn сайт нь мэдээний өрнөлд ч хамт байлгах болно.

Том зургаар харвал “Eagle news” телевиз, “Үндэстний тойм” сэтгүүл, www.eagle.mn сайт, “Ардын эрх” сонин,  “FM 91.1”, +21 аймаг дахь сүлжээ гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн ялгарах онцлог, сондгойрох өнцгөөрөө бусдыгаа нөхөхийн зэрэгцээ цогцоороо мэдээллийн пирамидыг бий болгож байгаа юм. Ийнхүү “ММК” нь Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л хүрээнд “Бүрэн зураглал” гаргаж байна. 

“ММК”-ийн бас нэгэн онцлог нь аль нэгэн нам, хэн нэгэн улстөрчөөс хараат бусаар нийтлэлийн бодлогоо тодорхойлох, нэг ёсондоо иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх үүднээс дэргэдээ Нийтлэлийн бодлогын зөвлөл байгууллаа. Энэхүү Нийтлэлийн бодлогын зөвлөл нь “ММК”-ийн бүрэлдэхүүн болох телевиз, сонин, сэтгүүл, сайтад ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийг нэг талаас улстөрчдөөс, нөгөө талаас редакциас хараат бусаар ажиллах нөхцөл, боломжийг хангаж өгдөг.

Нийтлэлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвхөн редакцийн төлөөлөл бус хөндлөнгийн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус уран бүтээлчид ордгоороо онцлогтой. Тухайлбал, “ММК”-ийн Нийтлэлийн бодлогын зөвлөлийн даргаар нэрт нийтлэлч Баабар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд нь “ММК”-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан, ТУЗ-ийн дарга Б.Батнягт, нийтлэлч Д.Болдхуяг, “Хүрээлэн” төслийн удирдагч Б.Буянбадрах нар багтсан байгаа. Мөн редакц бүрийн төлөөлөл болох “Үндэстний тойм” сэтгүүлийн эрхлэгч Р.Батсайхан, “Eagle news” телевизийн ерөнхий редактор Ж.Хулан, “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл нар Нийтлэлийн бодлогын зөвлөлд багтаж, нарийн бичгийн даргаар нь “Eagle news” телевизийн захирал Д.Бадамдаш ажилладаг.

Энэхүү зөвлөл хараат бусаар хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, нийтлэлийн бодлогоо бие даан тодорхойлдог нь “Бүрэн зураглал” хийх үндэс болж өгдөг байна.